Эрдэнэс Тавантолгой ХК-иас 1072 ширхэг хувьцааны талаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Онлайнаар буюу вэйбсайт, аппликейшнээр бүртгүүлэх иргэдийн тоо нэмэгдэж байна. Энэ сарын 3-наас 16-ны хооронд 825 иргэн ирж бүртгүүлсэн бол утсаар 63 мянган иргэн бүртгэлээ хийлгэжээ. Аппликейш 11 компанид ажиллаж байна. Энэ хүрээнд 100 гаруй мянган иргэн дансаа нээлгэсэн байна.
Хувьцаа эзэмшигчдийн хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулна. Хувьцаа эзэмшигчид оролцож болно. Өнөөгийн нөхцөл байдал буюу коронавирус, үнэдсний аюулгүй байдал чухал байгаа учраас энэ шийдвэрийг ТУЗ-өөс гаргалаа. Компани IPO гаргасны дараа 1072 хувьцааг зарах, худалдан авах эрх нээгдэнэ.
Мөн өчигдөр УОК хуралдсан. УОК-оос хоёрдугаар сарын 11-ээс хаагдсан хилийг нээгдсэн. Үүнтэй холбогдуулан өмнө нь уртын тээвэр явдаг байсан. Одоо Цагаан хадаас Гашуунсухайтын хилээр явах учраас жолоочид халдваргүйжүүлэлт хийлгүүлсний дараа тээвэрт явах боломж бүрдэж байна. Онцгой бүс дээр ажиллах шаардлагыг жолооч нар хангасан байна. Ингэхдээ машинаасаа буухгүйгээр энэ зохион байгуулалтыг хийх ёстой. Энэ ажлыг 90 гаруй компанийн 2000 гаруй жолооч ажиллана. Өнөөдрөөс Эрдэнэс Тавантолгой компаниас штаб байгуулан бэлтгэл ажлыг хангаад явж байна” гэлээ.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Сүүлийн үед Тавантолгойн 30 хувийг нэг тэрбум доллараар зарах гэж байна гэсэн зүйлийг зарим улсөрчид ярих боллоо. Энэ үнэн үү?
-Тийм зүйл байхгүй. Төрийн эрх бүхий байгууллагуудаас Тавантолгойн дэд бүтэц буюу төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөмж гарсан. Тогтоол ч гарсан. Энэхүү зөвлөмж, чиглэлийн дагуу Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх асуудлыг судалж байна. Түүн дотор IPO гаргах асуудлыг судал гэсэн. Судалж байна. Өөрөөр хэлбэл, төмөр зам, авто зам, угаах үйлдвэр, усан хангамжийн асуудал зэрэг шаардлагатай төслүүдийн тооцоо судалгааг компани хийсэн. Хөрөнгө оруулалтын асуудлыг яаж шийдэх, өөрсдөө хэдийг олж чадах, ямар төсөл дээр хөрөнгө оруулалт татах, IPO хийвэл ямар хэмжээний хөрөнгө босгож болох, ямар хэмжээний бэлтгэл ажил шаардагдах гээд бүх төрлийн тооцоо судалгааг бид хийж ажиллаж байна. Дахиад ч сайтар судлана. "Эрдэнэс-тавантолгой" ХК одоо ашигтай ажиллаж байгаа учраас заавал IPO гэхгүйгээр суурь бүтцээ хийх боломжтой гэж Засгийн газар үзсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Энэ Засгийн газрын үед IPO гаргахыг зөвшөөрөхгүй” гэж тодорхой хэлсэн. Тиймээс IPO гаргах асуудал байхгүй, дээрээс нь зөвлөмжөө цуцалчихвал судалгаа ч бас зогсоно. Товчхондоо, Эрдэнэс-тавантолгойн 30 хувийг тэрбум доллараар зарах гэж байна гэдэг ташаа мэдээлэл.
-Страто компани танайхаас хямд үнээр нүүрс авдаг, энэ компани З.Энхболдын хамаарал бүхий компани гэж иргэн Л.Наранбаатар мэдэгдсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Страто компани З.Энхболдод хамаатай эсэхийг би мэдэхгүй. Тэр нь Эрдэнэс Тавантолгойд хамаатай ч зүйл биш. Нэмүү өртөг шингээх дотоодын үйлдвэрүүдээ бид дэмжиж хамтран ажиллах бодлого барьдаг. Энэ хүрээнд Страто, Их говийн илч зэрэг компаниуд манайхаас нүүрс авч угаан экспортлох гэрээ байгуулсан. Гэхдээ зах зээлийн үнээр!. Страто компани 150 мянган тонноор хоёр удаагийн гэрээ байгуулсан. Эхний гэрээний үүргээ биелүүлж чадаагүй учраас гэрээг цуцалж, барьцаа төлбөрийг манай компани авсан. Угаасаа гэрээнд үүнийг заасан. Харин үүнийг “Страто” ХХК зөвшөөрөөгүй, шүүхэд хандсан. Иймэрхүү маргаантай байгаа зүйл.
-"Бодь Интернэшнл" ХХК-тай нүүрсний нууц гэрээ хийсэн юм уу?
-Энд нуугаад, нууцлаад байх юм байхгүй. Та бүхэн мэднэ, Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлд төмөр зам барих бол Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьд нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслийн нэг. Учир нь бид автозамаар нэг тонн нүүрсийг 32 ам.доллараар тээвэрлэдэг. Хэрвээ төмөр замтай болчихвол найман ам.доллараар тээвэрлэнэ. Энэ зөрүү мөнгө Монголд, Эрдэнэс Тавантолгойд үлдэнэ. Өөрөөр хэлбэл, 1072 хувьцаа эзэмшигчдэд оногдох ногдол ашиг нэмэгдэнэ. Тиймээс Гашуунсухайтын төмөр замыг яаралтай барих хэрэгтэй. Улс төржилтийн сэдэв болсноос болж энэ ажил зургаа, долоон жил таг зогссон байсан. Үүнийг бид хөдөлгөсөн. Гашуунсухайтын төмөр замыг гүйцээн барихад тэрбум шахам ам.доллар шаардлагатай. Энд шаардагдах санхүүжилтийг босгох, гэхдээ манайхаас бэлэн мөнгө авахгүйгээр нүүрс аваад төмөр зам бариад өгөх хөрөнгө оруулагчийг сонгож, хамтран ажиллаж байна. Нүүрсээ зах зээлийн үнээр өгнө. Гол нь удаан хугацааны туршид тогтвортой худалдан авагч нэмэгдэж байна гэсэн үг. Гашуунсухайтаас гадна Зүүнбаянгийн төмөр замд ч бид хөрөнгө оруулалт хийж байна. Төмөр замын ач холбогдлыг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэднэ. Эдийн засаг, бизнесийн ашгаас гадна улс үндэстний эрх ашиг, цаашлаад байгаль экологид чухал ач холбогдолтой. Эцэст нь, нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Бид ажлаа тайван хиймээр байна. Ажил маш их байна. Тийм болохоор хэл ам хэрүүлээс хол баймаар байна. Худлаа ташаа мэдээллийг залруулах, тайлбар өгөх гэж явах цаг зав бидэнд үнэхээр хомс байна. Мега төсөл хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар улс төр бүү ороосой гэж хүсч байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (130)