Монголбанкнаас ирэх сараас эхлэн Монгол Улсад олборлосон цагаан мөнгөөр үйлдвэрлэсэн нэг унцын мөнгөн гулдмай, 1000 грамм мөнгөн гулдмай, дөрвөн кг-р савласан үрлэн мөнгө (Ag 999.0)-ийг худалдаанд гаргах гэж байна. Дээрх бүтээгдэхүүн нь албан ёсны сертификаттай бөгөөд албан байгууллага, иргэний хүсэлтээр худалдаалах юм байна.
Төв банкнаас уг бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаснаар дотоодын зах зээлд албан ёсны бүртгэлтэй үнэт металлын худалдаа эхлүүлэх, бэлэг дурсгалын зориулалтаар ашиглах, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, уран дархчууд гарал үүсэл нь тодорхой цагаан мөнгөөр гоёл чимэглэлийг зүйлс урлах боломжтой аж.
Ташрамд дурдахад, Төв банк нь энэ сарын 11-ний өдрийн байдлаар алт 3.2 тн, цагаан мөнгө 1.7 тн буюу нийт 4.9 тн үнэт металл худалдан авсан байна. Өнгөрсөн 2019 оны мөн үед 1.2 тн үнэт металл худалдан авч байсан юм байна.
Үнэт металлийн худалдан авалт огцом нэмэгдсэн шалтгаан дэлхийн зах зээлийн алтны үнэ өссөн, өнгөрсөн оны мөн үед холбогдох хууль шинэчлэн батлагдах хугацаанд АМНАТ-ийг 10 хувиар тооцон суутган авч байсан, он гарсаар Монголбанк дотоодын аж ахуйн нэгжээс нийт 1.7 тн цагаан мөнгө худалдан авсан зэрэг нь тус тус нөлөөлсөн гэж тайлбарласан аж.
Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авах нэг грамм алтны дундаж үнэ өнгөрсөн хоёрдугаар сард дунджаар 140,292.94 төгрөг байсан бол энэ сарын 11-ний өдрийн байдлаар 147,096.92 төгрөг, нэг грамм мөнгө 1,492.43 төгрөг тус тус байна.
Эх сурвалж: Монголбанк