БАРИМТ 1
1997 онд Архангай аймгийн 10 жилийн “Авьяас хөгжүүлэх тусгай сургалттай” цогцолбор сургууль, 2002 онд МУИС-ийг төгссөн Ж.Мөнхбат улс төр судлаач мэргэжилтэй. 2002-2004 онд УИХ-ын даргын Ажлын албанд зохион байгуулагч, Шадар туслахаар ажиллажээ. Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад тэрбээр Тамгын газарт референтээр ажиллаж байсан туршлагатай.
БАРИМТ 2
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын улс төрд хөл тавьсан үе нь МАН-ын дэргэдэх НАМЗХ, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй холбогддог. Гэхдээ Ж.Мөнхбатыг улс төрд хөтлөн оруулсан хүн нь У.Хүрэлсүх биш Т.Бадамжунай гэж улс төрийн хүрээнд ярьдаг нь ортой. Учир нь, Ж.Мөнхбат МАН-д албан тушаал ахих бүрт нь Т.Бадамжунайгийн оролцоо их байсан тухай яриа одоо ч явдаг.
БАРИМТ 3
Тэрбээр НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад дэд ерөнхийлөгч, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болтлоо дэвшсэн нэгэн. Түүнийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болоход Ж.Мөнхбаттай өрсөлдсөн Ж.Сүхбаатар “Манай улсын авлигын загалмайлсан эцэг бол Т.Бадамжунай тэргүүтэн. Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авлигачид жаргаж, олон түмэн айдас, доромжлол амссаар байх болно” хэмээгээд хаалга саван гарч байв.
БАРИМТ 4
Ж.Мөнхбат нь МАН-ын дэргэдэх НАМЗХ буюу хуучнаар МАСЗХ-ы ЕНБДаргаар ажиллаж байхдаа "Хадгаламж" банкны 14 тэрбумын хэрэгт холбоотой хэмээн бичигдэж байсан. Гэвч ч энэ нь үндэслэлгүй болохыг холбогдох байгууллагууд нь тогтоосон юм. Түүний хувийн амьдрал ч олны нүдэнд ил байдаг байсан бөгөөд гэр бүл болохоосоо өмнө олны танил дуучин бүсгүйчүүдтэй нэр холбогдож байлаа.
БАРИМТ 5
МАН-ын генсекээр ажиллаж байхдаа Ж.Мөнхбат Сүхбаатарын талбайд үе үе жагсаал зохион байгуулж, эрх баригч АН-ын Засгийн газрыг шүүмжлэхээс гадна “давхар дээл”-ийг эсэргүүцэж, санал тоолох хар машиныг хүртэл шатааж байлаа. Сонирхолтой нь, УИХ-ын сонгуулийн дүнгээр МАН үнэмлэхүй олонх болоход Ж.Мөнхбатын Ж.Эрдэнэбатын Засгийн газрын “гал тогоо”-г зангидах үүрэг бүхий Хэрэг эрхлэх газрын даргаар очсон байдаг. Өөрөөр хэлбэл, төв талбайд шатааж асан хар машиныхаа дүнгээр сонгогдсон тэрбээр шүүмжилж явсан “давхар дээл”-ээ өөрөө нөмөрсөн нь энэ байв.
БАРИМТ 6
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг үргэлж дагадаг нэгэн тодотгол нь казино. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч энэ тухай “Муу бацааныг казино тоглоод явж байхад нь өөд татсан нь гай болж дээ. Чамайг нүүрсний хулгайч гэдгийг чинь мэднэ шүү. 1990 оноос хойш би энэ намд ажиллаж байгаа. Тэр үед миний дүү сураггүй байсан шүү. Би чамайг Солонгосоос олж авчирсан байх шүү, миний дүү. Би чиний талаар зөндөө зүйл мэднэ. Хүний тусыг битгий мартаж байгаарай” хэмээн сануулсан байдаг юм.
БАРИМТ 7
Ж.Мөнхбат гишүүнийг казинод хорхойтой гэдгийг баталсан гэмээр нэгэн үйл явдал 2016 онд Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордонд хоёр өдөр болж өндөрлөсөн. Энэ үеэр Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг дагуулан гадагшаа явж казино тоглосон тухайм мэдээлэл хэвлэлээр цацагдаж байв. Сүүлд 2017 оны арваннэгдүгээр сарын 5-нд Ж.Мөнхбат, Д.Оюунхорол нар БНСУ-ын Бусан хотод байдаг “Парадайз” казинод тоглож байгаа бичлэг олон нийтэд ил болж байлаа.
БАРИМТ 8
Казинод нэр холбогддог тухайгаа тэрбээр “Миний хувьд ажлаа өгөөд сурч байх хугацаандаа казиногоор орж гарч л явсан. Улсын мөнгө идэж, авилга авч тоглохоор албан тушаал би хашиж байгаагүй. Угаасаа надад тийм их хэмжээний мөнгө ч байхгүй. Улсынхаа Ерөнхийлөгчтэй хүртэл тэр газар таарч л байлаа. Энэ чинь гэмт үйлдэл биш шүү дээ, муушиг мэддэггүй эр хүн гэж ер нь байдаг юм уу. Зориудаар мушгиж харлуулах гэсэн хүнд бол шалтаг төдий л юм даа” гэсэн хариу өгч байжээ.
БАРИМТ 9
Ж.Мөнхбат нь ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сумтай холбох 130 км замыг концессын гэрээгээр эхнэрийнхээ ахын хамаарал бүхий “Засагт чандмань майнз” ХХК-д 162 тэрбум 869 сая 200 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шийдвэрийг гаргасан 2017 онд ил болсноор шуугиан дэгдээж байв. Улмаар Ж.Мөнхбат нарын сайд нарын авсан концесс Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах нэг шалтгаан болсон байдаг. Харин Ж.Мөнхбат нарын хамаарал бүхий компанид олгосон концессын гэрээг цуцлах шийдвэр гаргасан тухай сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны зургадугаар сард мэдэгдсэн билээ.
БАРИМТ 10
Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс У.Хүрэлсүхийн танхимд Сангийн сайдаар очсон Ч.Хүрэлбаатар тавьсан хоригийг чуулганаар хэлэлцэх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын дунд ширүүхэн маргаан өрнөсөн билээ. Энэ үеэр гишүүн Ж.Мөнхбат “Чамайг Австралид ажилгүй хэвтэж байхад чинь дуудаж Шадар сайд болгосон нь буруудаж. Чи өнөөдөр Н.Энхбаяраас ч илүү хаан болчихсон байна” хэмээсэн байдаг бол хариуд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монголын төрөөс хулгайлсан болгоныг чинь мэднэ. Авлига авч томилсон бүх хүнийг чинь хална аа. Чамайг байранд нь тавих болсон байна” хэмээн эгдүүцэж байлаа.
БАРИМТ 11
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын энэхүү маргааныг чимээгүй болгохын тулд УИХ-ын дарга М.Энхболд 18 удаа та хоёр наад хэрүүлээ боль, эсвэл гарч өрөөндөө орж шийд гэсэн утгатай үг, өгүүлбэрийг хэлж байжээ.
БАРИМТ 12
ЖДҮ-ээс зээл авсан асуудалд Ж.Мөнхбат гишүүн өөрийгөө ямар ч холбоогүй хэмээн тайлбарладаг. Харин сайд асан Б.Батзориг “Яг үнэнийг хэлэхэд Ж.Мөнхбат гишүүн ч гэсэн зээл олгооч ээ гэж ярьж байсан шүү дээ. Тэр хүмүүс нь шалгуур даагаагүй. Би сангийнхандаа хэлж байсан. Та нар хуулиа бариарай. Барьцаагүй, бичиг баримтгүй, төсөлгүй зээл нэгийг ч олгож болохгүй шүү гэдэг зүйл тавьж байсан. Одоо энэ олгогдсон зээл бүгд барьцаатай. Би түүнд бардам байна. Барьцаагүй нэг ч төгрөгийн зээл олгоогүй. Муу төсөлд олгоогүй гэж бодож байна” хэмээн ярьсан нь тэмдэглэгдэн үлдсэн нь ил болсон.
БАРИМТ 13
Үүнээс гадна Ж.Мөнхбат гишүүн өөрийн хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх Т.Зөнбилэгийг бусдад зодуулж хүнд гэмтсэн талаар амралтын өдөр олон нийтийн сүлжээнд мэдээлж байв. Энэ талаар даваа гарагт нь Төрийн ордонд мэдэгдэл хийж “Улс төрийн зорилгоор надад анхааруулга болгож миний туслахад халдлаа” гэсэн байдаг. Гэвч Ж.Мөнхбат гишүүний хэлсэн үгийг цагдаагийн байгууллагаас няцааж, худал болохыг тогтоосноо зарласан.
БАРИМТ 14
Тодруулбал, “Хэргийг шалгаж үзэхэд арай өөр нөхцөл байдал тогтоогдож байгаа. 2018 оны арваннэгдүгээр сарын 17-18-нд шилжих шөнө иргэн З нь өөрийн үеэл дүү болон түүний найзтай хамт “Айриш паб”-д үйлчлүүлж байхдаа хоорондоо маргалдсан. Улмаар үеэл дүү нь З-гийн биед гэмтэл учруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас хэрэгт бүртгэл явуулж Прокурорын байгууллагын хяналт дор шалгалтын ажил явуулж байгаа” хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү хэлж байлаа.
БАРИМТ 15
Одоогоос таван жилийн өмнө буюу 2015 онд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа ззүүн гартаа нэг ам.доллар, баруун гартаа 17 боодол нэг төгрөг бариад “Нэг ам.доллар 17 боодол нэг төгрөгтэй тэнцэж байна” мэдэгдэж байв. Харин өнөөдөр нэг ам.доллар тэр үеэс 11-ээр их болж 28 боодол нэг төгрөгтэй тэнцэж байна.
БАРИМТ 16
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг гурван тэрбум төгрөгийн өртөгтэй орон сууц худалдан авсан тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж байв. Тэрбээр уг мэдээллийг няцааж “Манай гэр бүл Сүхбаатар дүүргийн 1 хороо Олимпийн гудамжны 16 дугаар байрны 501 тоотыг худалдаж авсан нь үнэн. Энэ бол гурван тэрбум төгрөгийн үнэтэй байр биш. Бүгд хуулийн дагуу явагдсан. 2016 онд УИХ-ын гишүүн болсноос хойш АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөж өгсөн. Гишүүн болохоос өмнө манайх Зайсангийн орчим СӨҮЛ-Рояал гэдэг байранд амьдарч байсан. Тэрийгээ зараад сая энэ байраа худалдаж авсан. Манай гэр бүлийн хүний нэр дээр оёмол сүлжмэлийн компани байдаг. Үүнийхээ тоног төхөөрөмжийг мөн худалдсан. Энэ яригдаад байгаа байрыг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэр маш тодорхой. Хууль зөрчиж хулгай хийсэн тохиолдол байхгүй” гэсэн тайлбарыг өгсөн байдаг.
БАРИМТ 17
Мөн “Би тодорхой хэмжээний уран бүтээл хийдэг. “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” гээд кинонууд хийж байсан. Тэрнээсээ тодорхой хэмжээний орлого олдог. Мөн өнгөрсөн жил тоглолтоо хийж, 140 сая төгрөгийн орлого олж байлаа. Энэ орлогоо зөв жишиг тогтоосой гэсэндээ 100 оюутны сургалтын төлбөрийг байсан. Би жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлтэй холбоотойгоор чуулганы хуралдаанд удаа дараа байр сууриа илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор намайг харлуулах, нэр хүндэд халдах явдал удаа дараа гарч байна. Тиймээс энэ асуудалд тайлбар өгөхөөр өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг зарласан. Нэг сайдаар “туг тахиад” өнгөрөх биш цаашид хариуцлагын асуудлыг ярих ёстой” гэж байв.
БАРИМТ 18
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын зохиолыг нь бичсэн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын гавъяа зүтгэл, амьдрал, түүхэн үнэнийг харуулсан “Түүх мартахгүй” баримтат, уран сайхны кино бүтээхэд зориулж 500 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон. Киноны зураг авалт 89 хувьтай байгаа бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНЭУ-ын жүжигчид, уран бүтээлчид оролцож байгаа юм. Үүнээс өмнө Ж.Мөнхбат гишүүн “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” зэрэг кино зохиол бичиж олон нийтэд хүргэсэн билээ.
БАРИМТ 19
МАН-ын дотоод зөрчил туйлдаа хүрч УИХ-ын чуулганы үйл ажиллагаа ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар зогсох үеэр Ж.Мөнхбат гишүүн “Валютын ханшийн өсөлтийг Засгийн газар тавиад туучихсан. УИХ, Засгийн газрын зарчим яриад удлаа. Г.Занданшатар сайд сайд нараа дуудаач ээ. ЖДҮХС-гийн асуудал гарч, сайд нар нь холбогдлоо. Нэг хэсэг нь уралдаж зээлээ төллөө. Үнэн үг хэлснийхээ төлөө биднийг хэвлэлээр захиалга өгч намнаж байна. Үүндээ хүрэх юм бол Засгийн газар нь ч огцрооч, УИХ нь ч тарах ёстой. Ер нь хуулийн дагуу УИХ-ын гишүүд нь санаачлага гаргаад "УИХ-аа тараая". Би УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэлнэ. Одоо болъё. Намайг дэмжиж байгаа гишүүд гарын үсэг зураарай” хэмээн мэдэгдэж байв.
БАРИМТ 20
“Бид уучлахгүй хөдөлгөөн” ТББ өнгөрсөн оны есдүгээр сард УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгах хүсэлтийг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд тавьсан. Энэ дагуу Ёс зүйн дэд хороо хуралдаж, гишүүд ёс зүйн зөрчил гаргасан гэхээс илүүтэй хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ техникийн шинжтэй алдаа хийсэн гэж үзсэн байдаг. Шийдвэрийн талаар тус хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Ёс зүйн дэд хороо мөрдөн шалгах эрх, үүрэггүй. Ер нь аль нэг гишүүний ёс зүйтэй холбоотой гомдол хэлэлцлээ гэхэд цаана нь хуулийн хариуцлага хүлээлгэх хэмжээний асуудал байгаа бол хууль, хяналтын байгууллага шууд шалгах шаардлагатай юм байна” гэсэн байдаг.
БАРИМТ 21
“60 тэрбум”-ын бичлэгийг ил болгосон гэх иргэн Г.Доржзодов “Надтай ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат уулзаж нэг сая доллар амласан” хэмээн цахим хуудсаар мэдэгдсэн байлаа. Мэдээлэл гарсантай холбогдуулж Ж.Мөнхбат гишүүн “Доржзодов гэдэг хүн өөрөө надтай нэг л удаа гуравдагч хүнээр дамжуулж ирж уулзсан. Энканто спорт цогцолборт уулзсан. Уулзаад Доржзодов өөрөө надад “60 тэрбумын хэрэг гэх энэ асуудал эвлүүлэг юмаа гэдэг үнэнийг би Монголын ард түмэнд үнэнээр нь дэлгэж, нэвтрүүлэг хийж бодит үнэнийг үзүүлье. Үүний төлбөрт та нар надад нэг сая доллар төл” гэсэн. Тийм их мөнгө надад байтгуай намд байхгүйг би хэлээд, энэ асуудлыг ингэж наймаа тохиролцооны аргаар биш, хууль хяналтын байгууллагаар үнэнийг нь тогтоолгоё гэдэг хатуу байр сууриа илэрхийлсэн” хэмээн Архангай аймгаас цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан юм.
БАРИМТ 22
Мөн “Доржзодов “тэгвэл 800,000 доллар болгож бууруулъя, надтай энэ асуудлаар Женко Баттулга Херогийн Баатар нар хоёр ч удаа уулзаж санал тавьсан. Та нар миний тавьсан саналыг хүлээж авахгүй бол, надад өөр гарц байгаа шүү. Надад энэ хэмжээний мөнгөнөөс гадна манай гэр бүлд Австрали улсын визийг долоо хоногийн дотор гаргаж өг, тэнд бид 10 жил чимээгүй амьдаръя” гэж хэлсэн. Мэдээж, би ямарч боломжгүй энэ саналыг нь хүлээж аваагүй, бид нар гэмт хэрэг хийсэн биш, хуурамч эвлүүлэгт юу гэж мөнгө төлөхгүй, хууль зөрчихгүйг түүнд хэлсэн. Ердөө ийм л товчхон яриа болсон. Энэ яриа зөвхөн бид хоёрын дунд болоогүй, Доржзодовын өөрийнх нь зуучлуулж уулзсан гурав дахь хүн нь сонсч л байсан. Гэтэл өнөөдөр өөрийнхөө тавьсан саналыг намайг тавьсан мэтээр нийгэмд тарааж байгаад харамсч байна. Үнэн ялгагдана, ялна” гэж байсан юм.
БАРИМТ 23
Ж.Мөнхбатын хувьд Р.Гончигдорж, Н.Тамир нартай УИХ-ын гуравдугаар тойрогт нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан. Тэрбээр 2012 оны сонгуульд Архангай аймагт нэр дэвшин өрсөлдсөн ч Н.Батбаяр, Б.Болор нарт ялагдсан байдаг. Сонгуулийн дүн хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж шүүхэд хандаж байсан удаатай.
БАРИМТ 24
МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөгийн хандив авахгүйгээ мэдэгдсэн. Харин судалгаа явуулж, сонгогчдоос хамгийн өндөр санал авсан хүмүүсийг нэр дэвшүүлэхээ илэрхийлсэн. Үүгээр Ж.Мөнхбат дахин нэр дэвших магадлал нь бага. Учир нь, сайд байхдаа концесс авсан, казино тоглосон асуудал нь түүний карьераас хойш татах шалтгаан болж байна.
Сэтгэгдэл (19)