БАРИМТ 1
Г.Тэмүүлэн 1999 онд Австрали улс Канберра хотын ерөнхий боловсролын “Диксон” коллеж, 2003 онд АНУ-ын Вашингтон хотын Американ Их сургуулийн олон улсын харилцааны сургууль, 2005 онд Американ Их сургуулийн Нийгэм судлалын сургуулийг тус тус төгсчээ.
БАРИМТ 2
Түүний хувьд УИХ-ын нэгдүгээр тойрогт Архангай аймгийн хойд сумд болох Булган, Өндөр-Улаан, Тариат, Хангай, Цахир, Чулуут, Жаргалант гэсэн долоон суманд Д.Ганхуяг, Ц.Цэдэндамба, С.Заяадэлгэр нартай өрсөлдөн УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
БАРИМТ 3
Монголын улс төр ялангуяа Ардын намд Г.Тэмүүлэн гишүүн гэхээсээ түүний аав Ч.Ганзоригийн нөлөө их гэж энэ хүрээнийхэн ярьдаг. Ортой л үг. Учир нь, 2008 онд “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилогдсон Ч.Ганзориг Ашигт малтмал газрын тосны газарт мэргэжилтэн хийж байсан хүүгээ хэлтсийн дарга болтол нь албан тушаал ахиулсан байдаг.
БАРИМТ 4
Ашигт малтмал газрын тосны газарт мэргэжилтэн байсан Г.Тэмүүмэн ааваараа “крандуулж” хэлтсийн дарга болоод зогсохгүй төрийн өмчит компаниудыг удирдлагаар хангах үүрэг бүхий “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар 2009-2014 онд ажиллажээ.
БАРИМТ 5
Энэ үеэс Г.Тэмүүлэн намдаа төдийгүй Монголын улс төрд эргэлт буцалтгүй орох замаа засчээ. “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар ажиллаж байсан тэрбээр Оюутолгойд Монголын талыг хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүний албыг давхар хашиж болжээ.
БАРИМТ 6
2014 оны нэгдүгээр сард Г.Тэмүүлэнг Лондонд “Рио Тинто”-той хэлэлцээр хийж явахад ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан байдаг. Энэ тухай тэрбээр “Компанийн үйл ажиллагаанд төр оролцдгийн бэлэн жишээ нь би өөрөө болсон. Гэхдээ төслийн хэлэлцээрт эхнээс нь оролцсон учраас намайг Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөөгүй” хэмээжээ.
БАРИМТ 7
Улмаар эрх баригч Ардчилсан намынхан МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулах үеэр Г.Тэмүүлэн Уул уурхайн дэд сайдаар Ч.Сайханбилэгийн танхимд ажиллахаар болсон юм.
БАРИМТ 8
Г.Тэмүүлэн нь 2015 оны дөрөвдүгээр сард Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байдаг. Энэ тухайгаа “Миний хувьд одоо үргэлжилж байгаа яриа хэлэлцээнд оролцохгүй байгаа. Би ТУЗ-ийн гишүүнээсээ татгалзаж, чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тухайн үед Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлж хийсэн. Дараа дараагийн гэрээний өөрчлөлтийг хийхдээ энэ энэ зарчмаа ягштал баримтлах ёстой. Хуулиас болон байгуулсан гэрээнээс давсан зүйл байх ёсгүй. Гэтэл одоо хийж байгаа хэлэлцээр дээр ийм зарчим мөрдөж чадахгүй байгаа учраас би чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан” хэмээн тайлбарлаж байжээ.
БАРИМТ 9
Аавынхаа нөөлгөөр МАН-д томоохон албан тушаал хаших болсон Г.Тэмүүлэн намдаа байр сууриа өргөжүүлэхийн тулд Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоонд “хар муур” гүйлгэсний эцэст Ерөнхийлөгч нь болов.
БАРИМТ 10
Сонирхолтой нь, НАМЗХ-ны ерөнхийлөгчид Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн ганцаараа нэр дэвшин, 100 хувийн саналаар сонгогдсон байдаг. Өмнөх ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэний нэрийг дэвшүүлсэн ч тэрбээр нэрээ татсан удаатай.
БАРИМТ 11
НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ 2013 онд АНУ-д сурахаар явахдаа түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг томилсон. Энэ үед Н.Номтойбаяр нар Уул, уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Их хурал зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар томилсон нь маргаан дагуулсан байдаг. Улмаар дэд сайд Г.Тэмүүлэнг эсэргүүцсэн НАМЗХ-ны залуус Уул уурхайн яамны гадаа эсэргүүцлийн жагсаал хийж байсан удаатай.
БАРИМТ 12
Гадна төрх нь дөлгөөн мэт харагддаг Г.Тэмүүлэн ширүүн авиртай төдийгүй бусдын үгийг сонсох тэнхэлгүй гэдгийг ойр тойрныхон нь ярьдаг юм билээ. Холбооныхоо эв нэгдлийг тогтоож, өдөр тутмын үйл ажиллагааг нь зохицуулж, удирдлагаар хангах үүрэг хүлээсэн тэрбээр өөрийг нь шүүмжилсэн хэнийг ч үг дуугүй зайлуулах болсон нь НАМЗХ-ны нэр хүндийг унагах шалтгаан болсон гэдэг.
БАРИМТ 13
МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт, тойргийнхоо сонгогчдод өгсөн амлалтынхаа хүрээнд УИХ-ын гишүүн болсон Г.Тэмүүлэн гишүүний өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан гарын арван хуруунд багтахгүйц цөөн. Томоохноос нь дурдвал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хүссэн ч, эс хүссэн ч оролцож санал өгсөн нь түүний гавьяа. Бусдаар бүлх залгисан юм шиг, байр сууриа илэрхийлэхгүй дуугүй суудаг нь түүний бий болгосон имиж.
БАРИМТ 14
“УИХ дахь залуу гишүүний хувьд залуучуудтайгаа хамтран “Үндэсний эв нэгдлийг хангах тухай” хууль болон бусад таван хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Бүх шатанд хачиг мэт үүрлэсэн намчирхал, талцлыг зогсоох хууль эрх зүйн гарц шийдэл, боломж бололцоо бидэнд байна гэж үзэж байгаа” хэмээн ярилцлага өгч явсан Г.Тэмүүлэн Ж.Эрдэнэбатын Засгийн газрын огцруулах үеэс эхэлсэн МАН-ын зодоонд ах нарынхаа үгээр хамгийн их гар бие оролцсон залуу гишүүдийн нэг.
БАРИМТ 15
Төрийн өндөр албан тушаалтнуун болон хуулийн байгууллагын дарга нар ЖДҮ санг аалзны тор мэт хэрсэн тухай баримт ил болох үед Г.Тэмүүлэн гишүүн нэр холбогдож байлаа. Тодруулбал, түүний хамаарал бүхий этгээд буюу ээжийнх нь эзэмшлийн “Спа цогцолбор” компани 2017 онд тус сангаас 700 сая зээл авсан нь ил болсон байдаг.
БАРИМТ 16
“Спа цогцолбор” компанийн эзэмшигч Довдонгийн Дэнсмаа нь Г.Тэмүүлэн гишүүний ээж. 2004 онд үүсгэн байгуулсан, үйл ажиллагаа нь нэгэнт жигдэрсэн “Спа цогцолбор” компани Баянгол дүүрэгт байрлалтай. Дүүрэгтээ үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж дундаа томоохон тооцогддог.
БАРИМТ 17
Сонирхолтой нь, ЖДҮ-ийн баримт дэлгэгдэхэд “Спа цогцолбор” компанийн эзэн Д.Дэнсмаа нь хүү Г.Тэмүүлэнгээ 2016 оны сонгуульд нэр дэвшихэд мөн хандив өгч байсныг тогтоож байв. Хүүгээ төрийн түшээ болгохын тулд хандив өгч явсан ээж нь хожим гишүүн болсных нь дараа ийнхүү ЖДҮ-ээс бага хүүтэй, урт хугацааны зээл авсан нь олон нийтэд ил болсон баримт.
БАРИМТ 18
Саун, душ, зочид буудал, фитнесс, үсчин, гоо сайхан, амралтын газрын үйлчилгээ эрхэлдэг “Спа цогцолбор” компани ямар зорилгоор ЖДҮ-ээс 700 сая төгрөгийн зээл авч, зарцуулсан нь өнөөг хэр нь тодорхойгүй байдаг.
БАРИМТ 19
УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар ЖДҮ-д нэр холбогдсон сайд, гишүүдийн асуудлыг хэлэлцэх байсан ч ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар хэд хэдэн удаа хойшилж байв. Шалтгаан нь Г.Тэмүүлэн нарын гишүүд хуралдаа суугаагүйтэй холбоотой байдаг.
БАРИМТ 20
Г.Тэмүүлэн гишүүний хамаарал бүхий этгээд бизнес эрхэлдэг нь дан ганц ээжээр нь хязгаарлагдахүй. Түүний эхнэр Энхзулыг Монголд брэнд хувцасны анхдагч дэлгүүрүүдийн нэг "Ханбүргэдэй" худалдааны төвийн захирлын охин гэдгээр нь энэ салбарынхан танина.
БАРИМТ 21
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэгэнтээ “Хөрөнгөндөө аархаад байгаа юм уу. Өөрсдийнх нь хөрөнгө биш л дээ. Гарал үүслийг нь мань мэт мэднэ. Хэзээ сахилга баттай болох юм. АН засаг барьж байхад ийм байдал үүсч байсан. Одоо МАН-д халдлаа. 2016 онд нялх хүүхдүүд нэр дэвшиж байхад цагаан магтаалаар магтаад явж байсан. Мань мэт рүүгээ ус цацаж болно. Ард түмэн рүү болохгүй. Бид явсны дараа яаж төр барих гэж байгаа юм. Шөнөжин баардаад явдаг юм уу. Ийм байдал чинь парламентын уур амьсгалыг эвдэж байна” хэмээн Г.Тэмүүлэн нарын залуу гишүүддээ хатуу үг унагаж байсан удаатай.
БАРИМТ 22
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын тайланг танилцуулдаг. 2018 оны өрсөлдөх чадварын тайланг 2019 оны эхэнд танилцуулахад Г.Тэмүүлэн гишүүний сонгогдсон Архангай аймаг 21-т жагсаж сүүл мушгисан байдаг.
БАРИМТ 23
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хувьд ээлжит сонгуулиар Архангай аймагт Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нарын хамт дахин нэр дэвших хүмүүсийн тоонд албан ёсоор багтах болсон. Үүнийгээ баталсан гэлтээ сонгуулийн бэлтгэлээ базааж, тойрогтоо ойр ойрхон очиж ажиллах болсон.
БАРИМТ 24
Гэхдээ Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ-д нэр холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх байр суурь баримтлахаа илэрхийлсэн нь Г.Тэмүүлэн нар зорилгоо биелүүлэх боломжгүй болоход хүргээд байна.
Сэтгэгдэл (27)