COVID-19 халдварын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Энэ сарын 9-нд ХӨСҮТ долоон хүний шинжилгээ сөрөг гарсан. Өчигдөр сэжигтэй тохиолдлын 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ хийж байна. Урьдчилсан байдлаар 23 хүний хариу сөрөг гарсан. Цаг хугацаа зөрүүтэй тусгаарласан учраас эдгээр хүмүүсийн шинжилгээ ар араасаа гарах юм.
Мөн энэ сарын 10-нд ХӨСҮТ-д дөрвөн сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж, тандалт судалгаа хийгдэж байна. Түүнчлэн 103 хүнийг ажиглалтад авсан. Хамгийн гол нь бид эвтэй найртай байх хэрэгтэй. Дэлхий нийт биднийг харж, ажиглаж байна. Тиймээс өвчтэй хүнтэй зүй бус харьцаж болохгүй. Францын иргэнийг Монгол эмч нарын ур чавдарыг гаргаж, эмчлэх ёстой. Мөн БНХАУ, Иран, Итали, БНСУ зэрэг хэдхэн оронд халдварын 93 хувь нь бүртгэгдсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа.
Бидний хийж байгаа ажилд садаа болох, хуурамч мэдээлэл ирүүлэхгүй байх нь уг ажилд хувь нэмрээ оруулж байгаа хэрэг юм шүү. Дараагийн иргэдийн шинжилгээний хариуг дор бүр нь мэдээлнэ. Тухайн хүн өөрөө УОК-т холбогдож мэдээлсэн юм. Хэрэв цаг хугацаа алдсан бол цаашид хэчнээн хүнд дамжихыг үгүйсгэхгүй. Тиймээс тухайн хүнийг ад үзэх нь зохисгүй юм" гэдгийг онцолсон юм.
А.Сүх