Шинэ төрлийн коронавирусын халдварын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
Энэ талаар Д.Нарангэрэл “Та бүхэнд өчигдөр мэдээлэл хийснээс хойш халдвар дэлхийн 109 оронд бүртгэгджээ. БНСУ, Япон, Итали, Иран зэрэг улсуудад халдвар эрчимтэй тархаж байгаа нь хэвээр байна. Мөн та бүхэнд энэ сарын 8-нд хийсэн мэдээлэлдээ Дорноговь аймагт Франц иргэн тусгаарлагдсан талаар мэдээлж байсан. Тэгвэл түүний шинжилгээний хариу өчигдөр гарч, ХӨСҮТ-д ирсэн. Шөнийн 02.00 цагт гарч коронавирус илэрсэн. Энэ хүний ойрын бүх хүмүүсийг илрүүлж байна. Дэлхийн таван орон вакцин үйлдвэрлэхээр ажиллаж байна. Бид өвчний эсрэг эв нэгдэлтэй байж чадвал ард нь гарч чадна” гэдгийг онцолсон юм.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “ДЭМБ-ын энэ сарын 9-ний өдрийн мэдээллээр дэлхийн 109 оронд халдвар илрээд байна. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 98 хүн нас барсан. Үүнээс БНХАУ-д 23 нас баралт бүртгэгдсэн. Иран улсад 733 хүн нэмэгдэж, Итали улсад хөл хорио тогтоолоо. Халдвараас сэргийлэх шийдвэртэй арга хэмжээг эрт үед нь авах нь чухал байна. ДЭМБ-аас тохиолдол бүртгэгдээгүй, импортын тохиолдол бүртгэгдсэн болон голомтлон тархаж байгаа улс орнуудад эрт илрүүлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна” гэлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Энэ сарын 7-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг шинжилгээ сөрөг гарсан. Харин Дорноговь аймагт тусгаарлагдсан иргэний хариу эерэг гарсан. Анхны тохиолдол зарлагдаж байна. Батлагдсан тохиолдол Франц улсаас зөөвөрлөгдөн орж ирлээ. Нийслэлд 43, Дорноговь аймагт 80 хавьтаттай хүн байна. Мөн өчигдөр ХӨСҮТ долоон хүн тусгаарлагдаж, 11 хүнийг ажиглалтад авсан. Хэдийгээр таагүй мэдээлэл сонссон ч сандрах хэрэггүй. Иргэд сандралдаж ажил дээр хүндэр учруулахгүй байхыг анхааруулж байна. Учир нь ажлын ачаалал авч байгаа эмч нарт их дарамт болдог юм. Тиймээс иргэд биднийг ойлгохыг хүсч байна. Бид яаравчлан тусгаалаж авч, эмчийн хяналтаа хийнэ.
А.Сүх
Сэтгэгдэл (4)