Швейцарийн Женев хотноо хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 20-ны хооронд болж байгаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн чуулганы хуралдаанаар Улсын гадаад өр болон холбогдох бусад санхүүгийн үүрэг хариуцлагаас хүний эрх, тухайлбал эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ бүрэн эдлэхэд үзүүлэх нөлөөллийн асуудал хариуцсан НҮБ-ын бие даасан шинжээч Хуан Пабло Богославски, Хүний эрхийн хамгаалагчийн асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Мишель Форст нар Монгол Улсад ажилласан тухай тайлангаа тус, тус танилцуулав.
Бие даасан шинжээч Хуан Пабло Богославски 2019 оны есдүгээр сарын 2-11-ны өдөр Монгол Улсад ажилласан бөгөөд тэрбээр тайландаа юуны өмнө Монгол Улсын Засгийн газар айлчлалын үеэр, мөн дараа хамтран ажилласанд талархаад, Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс тусгай үүрэг ногдуулж томилсон илтгэгч, шинжээч нартай сайн хамтран ажиллаж байгаагийн үлгэр жишээ болж байгааг сайшаан тэмдэглэлээ.
Мөн тэрбээр Монгол Улсын гадаад өр сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц буурсан хэдий ч иргэд, аж ахуйн нэгжийн гадаад өр өндөр хэвээр байгаагаас эдийн засагт сорилт тулгарч болзошгүйг анхааруулав.
Түүнчлэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд уул уурхайн салбар чухал түлхэц болох учиртай бөгөөд хөгжлийн үр шим хүн амын бүх бүлэгт тэгш хүрэхээс гадна байгаль орчин, бэлчээр, нүүдлийн аж ахуйн өвийг харгалзах учиртайг онцлоод, Монгол Улс эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, уул уурхайн хишгийг шударгаар хуваарилах хэд хэдэн сан байгуулсныг сайшаав.
Бие даасан шинжээч, Тусгай илтгэгч нарын хэлсэн үгтэй холбогдуулан манай төлөөлөгч байр сууриа илэрхийлж, манай улсын хэрэгжүүлж байгаа бодлогын талаар мэдээлэв. Бие даасан шинжээч Х.П.Богославски Хүний эрхийн зөвлөлийн индрээс Монгол Улс өгсөн зөвлөмжийг нь хэрэгжүүлэхээр дорвитой арга хэмжээ авсанд талархлаа. Тусгай илтгэгч М.Форст тайлан болон мандатыг нь дэмжсэнд манай талд мөн талархаад, Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг батлуулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа мэдэгдэв. Хэрэв Монгол Улс энэ хуулийг баталбал Азид хүний эрхийн хамгаалагчийн асуудлаар тусгайлан хууль баталсан анхны улс болж, бусад улс оронд үлгэр жишээ болохыг тэрбээр онцоллоо.
Сэтгэгдэл (1)