Монголын улс төрд тун удахгүй гал авалцсан тулаан эхлэх бололтой. Дэвжээний зүүн буланд цагтаа гудамжны жагсагчаас Төрийн ордонд заларч “шударга таван гишүүн”-ий нэг гэх гуншинтай зүүсэн Ж.Батзандан гишүүн, харин баруун буланд тагнуулын байгууллагыг нэгэн үе толгойлж явсан хошууч генерал Б.Хурц.
Ж.Батзандан гишүүний хөрөнгө орлогийн мэдүүлгээс нь үзвэл, түүний гэр бүлийн орлого дөрөвхөн жилийн дотор 150 саяас 498,7 сая болж өссөн бол 398 сая төгрөгийн үнэлгээтэй байсан мал аж ахуй нь мөн л 1 тэрбум 375 сая төгрөг болж өсчээ.
Харин ажлын болоод улс төрийн туршлагын хувьд “Их засаг” их сургуульд эрдэмтэн багш, эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад 2006 оноос Иргэний хөдөлгөөний тэргүүн болж гудамжинд жагсаж явсан. Үүнээс дөрөвхөн жилийн дараа АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн болж амжсан бол нэгхэн жилийн дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн болж дахиад ганцхан жилийн дараа УИХ-д сонгогдсон.
Гэрлийн хурдаар дээш мацсан түүнд энэ хугацаанд улс төрийн туршлага гээд хурааж хуримтлуулсан мэдлэг хомс байсан болоод тэр үү, өнөө л гудамжны стайлаа Төрийн ордонд гаргах нь олон байсаар ирэв.
Гудамжны жагсагч байхаас үй зайгүй нөхөрлөж ирсэн О.Магнайгаа замын голоос “жийсэн” нь олны шүүмжлэлд өртөх шалтгаан болоод амжсан тэрбээр Их хурлын гишүүн Н.Учралтай багагүй зуз гэх. Учир нь “Их засаг” их сургуульд нь багшлаж, бүр эрдмийн зөвлөлийн гишүүн байсан гэдэг утгаараа Н.Учрал гишүүний аав Н.Ням-Осортой дотно харилцаатай аж.
Сав л хийвэл “эх оронч” гэх мэдэгдлийг хийж попордог түүний эл зан нь олон дайсантай болох шалтгаан болоод буй.
Тэр дайсны нэг нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц.
Хагарсан шаазанг цавуугаар нааж болох хэдий ч тэдний дунд өрнөсөн эл дайны галыг хэн ч зогсоож хүчрэхгүй болов уу. Дайсагнах, дайтах шалтгаан нь эрхэм гишүүний өнөө л поп зангаас үүдэлтэй гэхэд болно. Учир нь төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг мөрдөн шалгахдаа гүйцэтгэх ажлын журам зөрчсөн гэх хэргээр шүүхийн хаалга татаад буй нэр бүхий хүмүүс шүүхээс ял авах уу, үгүй юү гэдэг нь Ж.Батзандан тэргүүтнээс багагүй хамааралтай гэхэд болно.
Тодруулбал, Монголын парламент түүхэндээ анх удаа эрүүгийн хэргийг хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжсэн байдаг. Ингэснээр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах явцад эрүүдэн шүүсэн эсэх болон мөрдөн байцаалтын үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан эсэхийг шалгах эрхтэй түр хороо байгуулагдсан юм. УИХ-ын нэр бүхий таван гишүүнээс бүрдсэн ажлын хэсэгт О.Баасанхүү гишүүн орохыг хүссэн ч чичирсээр байгаад ажлын хэсэгт оруулаагүй учрын цаана эрх ашгийн зөрчил байна уу гэж хардахаар явдал болсон юм. Түр хороо байгуулагдсанаас хойш ялтан Б.Чимгээгийн бие тааруу байна, өлсгөлөн зарлана гэсэн, яаралтай суллах ёстой гэсэн шоуг байнга хийж, бүр Улсын Ерөнхий прокурорт тэднийг суллах ёстой гэсэн албан шаардлага маягын зүйлийг иргэний хөдөлгөөнийхөнөөр дайлгасан. Гэвч хуулийн хүрээнд ийм боломж хомс гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой байсан учраас хэрэг явдал өнөөдрийг хүртэл тэдний хүссэнээр шийдэгдээгүй л байна.
Түүний энэ мэт шоуны ард генерал Б.Хурц тэргүүтэй хүмүүс байж суух газраа олж ядаж байсан нь лавтай.
Тиймдээ ч эрхэм гишүүний тойрогт УИХ-д нэр дэвшихээр болсон гэх шуум тархав. Өөрөөр хэлбэл, гишүүн Б.Батзанданг генерал Б.Хурц амалж авсан бололтой юм. Үүнийг нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ барин тавин баталсан. Ингэхдээ генерал Б.Хурц сонгуульд өрсөлдөх 100 сая төгрөгөө тушаасан гэдгийг яаран сандран бас онцолж ирээд мэдэгдсэний цаана бас л эрх ашиг нуугдаж буй мэт.
Хэний ашиг сонирхол нуугдаж байна вэ гэдгээс үл хамаарч генерал Б.Хурц гэж хүн бэ гэдэгт бага боловч хариулъя. Төрийн ордонд УИХ-ын нэр бүхий гишүүдийн “но”-г илчилнэ, “Цааш нь ярих уу, яаах уу” гэж шантаалжилж суусан түүнийг Дамрингийн Энхбатыг улс дамнуулан Монголд авчрах ажиллагааг гардан гүйцэтгэсэн, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн буруутанг илрүүлэх ажлыг түүчээлсэн гэдгээр нь андахгүй.
Эрт үеэс ганзагын наймаагаар хөлжиж, бизнесийн салбарт хөл тавьсан тэрбээр 2000 оноос тагнуулын байгууллагад ажиллах болсноор өнөөгийн замналаа зассан. Тагнуулын байгууллагын хэлтэс, газрын даргаас Унгар, Турк улсад суух ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сөүл дэх МИАТ-ын ерөнхий төлөөлөгч, ҮАБЗ-ийн ажлын албан дарга, АТГ-ын дэд дарга зэрэг хариуцлагатай албыг хашиж байсан. Гэвч “Магтсан хүүхэн хурим дээрээ” гэгчээр нэг л өдөр мөрдөн шалгасан хэрэгтээ ороогдож шүүхийн хаалга татсан.
Магад энэ бүх үйл явдал нь түүнийг Их хуралд өрсөлдөх шалтаг шалтгаан нь болсон байхыг үгүйсгэхгүй.
Авлигатай тэмцэх газарт 5.5 тэрбумын үнэтэй орон сууц, барилгатай, 53.5 тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлснээс хэдий хэр хэмжээний чинээлэг болохыг харж болохоор.
Ийнхүү Монголын цуутай хоёр эрхэм нэг тойрогт өрсөлдөх нь. Үхэхээс ч айхгүй гэж нэгэнтээ мэдэгдсэн Ж.Батзандан гишүүнийг хошууч генерал Б.Хурц үнэхээр амалсан бол өнөө цагийн улс төрд гал авалцсан үйл явдал тун удахгүй болох нь лавтай. Тиймдээ ч эрхэм гишүүн Ж.Батзандан зугтах уу, эс бөгөөс эцсээ хүртэл Б.Хурц генералтай үзэлцэх үү гэдэг удахгүй тодорхой болох биз ээ.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (37)