1072 хувьцаатай холбоотой зарим асуудлаар “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 мэдээллийн албаны менежер Э.Баатарцогтоос зарим зүйлийг тодрууллаа.
-1072 хувьцааг өвлөж, бэлэглэх эрх хэзээ нээгдэх вэ. Ингэхийн тулд ямар материал шаардлагатай юм бэ?
-Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд материалаа бүрдүүлж очоод тухайн хувьцаа болон ногдол ашгийг өвлөх, бэлэглэх эрхтэй. Ингэхдээ тухайн этгээдийн хувьцааг хэн нь өв залгамжилж авах юм. Үр хүүхэд, хамаатан садны хүн нь бол мөн гэсэн баримтаа наториатаар баталгаажуулаад иргэний үнэмлэхтэйгээ очих юм.
-Нас барсан аав, ээжийнхээ хувьцааг яах вэ гэсэн асуудал их яригдаж байна. Энэ тохиолдолд өвлөж авах боломжтой юу?
-Нас барсан хүний хувьцаа болон бусад хувьцаат компаниудын хувьцаа түүнийг дагалдсан ногдол ашгийг гэр бүлийн гишүүд түүнтэй хамаарал бүхий ойр дотнын хүмүүс өвлөж авах эрхтэй. Дээр дурдсан Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр материалаа бүрдүүлж очих ёстой. 1072 хувьцааны хувьд тавдугаар сарын 1-ээс хойш ногдол ашиг олгоно. Түүнчлэн энэ ондоо багтаж нээлттэй болно. Энд нэг зүйлийг тодруулахад, хувьцаа нээлттэй болох гэдгийг иргэд төдийлөн сайн ойлгохгүй байна. Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа зардаг, нэмэгдүүлдэг, өвлүүлдэг, бэлэглэдэг бүх эрх нь хувьцаа нээгдсэн үед өвлөх, бэлэглэх зэрэг эрх нээгдэх юм. Одоогоор "Эрдэнэс Тавантолгой" компани нь хаалттай компани шүү дээ. Бирж дээр хувьцаагаа арилжаалж эхлээгүй.
-Гадуур 1072 хувьцааг авна, зарна гэсэн зар нэлээд явж байна. Энэ тохиолдол өмнө нь ч болж байсан. Энэ талаар ямар зохицуулалт хийж байна вэ?
-Хаалттай компанийн хувьцааг иргэн, иргэн хоорондоо хэзээ ч зарах боломжгүй. Юуг үндэслэж бие биедээ зарж байгаа нь нэгдүгээрт, хуулийн үндэслэлгүй. Хоёрдугаарт, иргэнээс иргэний гарт хувьцааг дамжуулж зардаггүй. Заавал брокерийн компанид захиалга өгч Хөрөнгийн биржээр дамждаг. Иргэд санхүүгийн анхан шатны ойлголт, хөрөнгийн зах зээл дээрх анхан шатны мэдлэг, мэдээлэлгүйн улмаас ийм асуудал үүсгэж байна. Өмнө нь олон тохиолдол гарсан. Зарын дагуу шалгаад тухайн эзнийг нь олохоор бараг 16 нас хүрээгүй хүн байж байдаг. Учрыг асуухаар фэйсбүүкийнхээ хандалтыг нэмэгдүүлэх гэсэн юм гэдэг. Тиймээс иргэд санхүүүгийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Хэрэв мэдэхгүй бол брокерийн компанид хандаж болно. Аливаа мэдээллийг албан ёсны эх үүсвэрээс авах хэрэгтэй. Хэрэв хувьцаа зарах үүсээгүй байхад иргэд хоорондоо зарж, дамжуулсан бол тухайн гэрээ хүчингүй гэсэн үг.
-Тэгэхээр тухайн хувьцааг худалдан авахаар тохиролцож, мөнгөө өгчихсөн иргэн хохирч үлдэх эрсдэлтэй юм байна?
-Тийм. Учир нь нэг нь зарсан, нөгөө нь худалдан авсан гэдгийг нотариат ч баталж чадахгүй.
-Салбарын сайд 2012 оны дөрөвдүгээр сарын 10-аас хойш төрсөн 600 гаруй мянган хүүхдэд хувьцаа олгох боломжтой гэж хэлж байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-2012 оны дөрөвдүгээр сарын 10-аас өмнө төрсөн бүх хүмүүст 1072 хувьцаа өгсөн. Иргэдийн гол асууж байгаа зүйл нь хэзээ мөнгөө өгөх юм бэ. Яагаад өгөхгүй байгаа юм бэ. Монгол Улсын иргэнийг ялгаварлаж гэдэг асуудлыг хөндөж байна. Нэгдүгээрт, ялгаварласан зүйл огт байхгүй. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгож, тухайн үеийн 2.897.000 иргэнд өгсөн. Засгийн газар Батааг гурван хүүхэдтэй болно. Ирээдүйд төрөх гурван хүүхдэд чинь өгч байгаа юм шүү гэхгүй шүү дээ. Энэ өдрөөс хойш зогсоосон юм. Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй.
-Хувьцааны дансаа хэдэн сард багтаж нээлгэх ёстой вэ?
-Хугацаандаа амжаагүй гэсэн зүйл байхгүй. Одоогоор 1.840.000 иргэн дансаа нээлгэсэн байна. Хувьцааныхаа дансыг банкныхаа данстай холбоход л болно. Түүнээс биш би ногдол ашиг тараахаас өмнө дансаа нээлгэж амжсангүй. Миний ногдол ашгийг өгөхгүй юм байна гэсэн зүйл байхгүй. Тухайн хүний ногдол ашиг байж л байна. Ногдол ашгаа энэ онд авна уу эсвэл ирэх онд авна уу хамаагүй. Ер нь ногдол ашиг авахдаа хувьцааны данстай болчих. Энэ данс зөвхөн 1072 хувьцааны данс биш. "Эрдэнэс Тавантолгой" компаниас гадна 220 компани байна. Энэ дансаараа дамжуулан хуримтлал үүсгэх боломжтой.
-Коронавирусний халдвартай холбогдуулан иргэдийг хувьцааныхаа дансыг нээлгэхдээ технологийн дэвшлийг ашиглаж цахимаар нээлгэхийг уриалж байгаа. Энэ аргачлал хэвээрээ юү?
-Интернэт ашиглан ногдол ашиг, хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах боломжтой. Хэрэв интернет ашиглах боломжгүй газар байвал 1800-1072 рүү залгаж болно. Мөн Утсаар залгаж чадахгүй хүн байж болно. Тэгвэл 158989 дугаар рүү мессеж бичиж болно. Бүр болохгүй бол Эрдэнэс тавантолгой мэдээллийн төв дээр ирээд бүртгүүлээрэй. Гэхдээ энэ нь яг өнөөдрийн хувьд эрсдэлтэй учраас иргэдэд аль болох хялбарчлах үүднээс гэрээсээ бүх үйлчилгээгээ авах байдлаар зохицуулсан юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)