Улс төрд ямар үнэлэмжтэй байхаас үл хамаарч улстөрч гэсэн сэтэр зүүсэн хэнбугай ч шүүхийн хаалга татдаггүйн жишээ олон. Үүнийг өнөө цагийн улстөрчдийн авлига, албан тушаалын хэрэг бэлхнээ гэрчилдэг. Авлига авчихсан, өгчихсөн байна, албан тушаалаа урвуулан ашиглаад нөлөөлчихсөн байна гэдгийг АТГ, прокуророос тогтоогоод шүүхэд шилжүүлдэг ч хэрэг замхарсаар сонгууль угтсан гүтгэлэг болж хувирах нь олон. Хууль хяналтын байгууллагынхан хуулиа бариад ч ийм хэрэгтнүүдтэй тэмцэж чадахгүй байхад энгийн нэг иргэн улс төрд багагүй нөлөөтэй нөхдүүдийн амыг хазаарлах нь юу л бол.
Яг ийм эргэлзээ төрүүлсэн иргэний хэрэг шүүхэд найман сарын нүүр үзэх байна. Иргэний хэрэг үүсгэсэн цаг хугацаа нь наймхан сарын түүхтэй мэт боловч хэргийн намтар түүх нь тэртээ 2008 оны долдугаар сарын 1-ний хар өдрөөс угшилтай. Учир юу гэвэл, төрийн эрх баригчдын тушаалаар ард түмнийхээ өөдөөс хүйтэн буу шагайсан цагдаа нарын үйлдлээс болж таван гэр бүл өнчирч, таван ээж тээж төрүүлсэн үрээ шороонд булсан юм.
Үрийнхээ ард хоцорч үлдсэн ээжүүд болон талийгаачийн ар гэрийнхэн шүүхэд нэхэмжлэл гаргаж, долдугаар сарын 1-ний жагсаалыг зохион байгуулж, үймээн самуунд турхирсны улмаас таван иргэн амиа алдсан.
Үүнд Бүгд найрамдах намын дарга буюу Буянгын Жаргалсайхан, иргэний хөдөлгөөний гэх тодотголтой О.Магнай нар буруутай гээд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Хөдөө аж ахуйн сайд асан Р.Бурмаа нарын нэрийг дурдсан нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг.
Уг нэхэмжлэлийг талийгаач Ганбаатар, Р.Мөнх-Эрдэнэ, Э.Доржсүрэн нарын ар гэрийнхэн болох Оюунбилэг, Үржинбадам, Тунгалаг нар нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхээс 2019 оны наймдугаар сарын 11-нд иргэний хэрэг үүсгэсэн юм. Хэрэг маргааныг шийдвэрлэхээр шүүхээс О.Магнай, Б.Жаргалсайхан нарт удаа дараа мэдэгдэх хуудас өгсөн ч улстөрчдийн өнөө л муухай зангаараа шүүхийг үл тоомсорлон зугтаасаар байгаа аж.
Учрыг дор тайлбарлая.
Хуулиар хариуцагч этгээдэд шүүхийн мэдэгдэх хуудсыг 1-2 удаа хүргүүлж, танилцуулах ёстой. Үүний дараа шүүхэд очихгүй бол албадан авчрах эрхийг шүүх эдэлдэг. Энэ эрхээ шүүх эдлэхийн тулд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд дурдагдсан бүх хариуцагч нарт шүүхийн мэдэгдлийг танилцуулсан байх ёстой аж. Гэтэл Б.Жаргалсайханд шүүхийн мэдэгдлийг удаа дараа хүргүүлж танилцуулсан ч өнөөдрийг хүртэл шүүхийн босгоор нэг ч удаа давсангүй. Харин О.Магнай нь бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаггүйн улмаас өнөөдрийг хүртэл шүүхийн мэдэгдлийг биечлэн танилцуулж чадаагүй байна.
Шүүхээс нэгэнтээ мэдэгдэх хуудсыг танилцуулж чадаагүйгээс хойш эрэн сурвалжилъя гэхээр нэхэмжлэл гаргасан иргэд нь ийм хүсэлт гаргаагүй.
Албадан дуудъя гэхээр Б.Жаргалсайхан нь О.Магнайгаагаа хамгаалаад шүүхэд очдоггүй юм шиг, эсвэл О.Магнай нь Б.Жаргалсайханаа өмгөөлөөд гэр орондоо ч очихгүй зугтаагаад байгаа юм шиг дүр зураг харагдах болж.
Нэхэмжлэл гаргасан гурван иргэдээс Тунгалаг, Үржинбадам нар нь гадаадад амьдардаг. Ард нь үлдсэн Оюунбилэг нь зав гарвал шүүхийн үүд манаастай. Хүсэлт гаргаад О.Магнай, Б.Жаргалсайхан нарыг албадан дуудуулъя, эсвэл эрэн сурвалжлуулъя гэхээр нэхэмжлэл гаргасан нөгөө хоёр нь байдагүй. Ёстой л “Шаварт унасан шарга даага” гэгчээр болчихоод байгаа аж. Энд үрээ, ханиа алдсан эх, гэргий нарыг хойрго энэ тэр гэж буруутгаад яахав. Хамгийн гол нь иргэн хүний үүрэг ухамсар, тэр дундаа ард түмний дуу хоолой болно гэж Сүх жанжины талбай дээр жагсаж явсан этгээдийн оршин суугаа хаяг нь ч тодорхойгүй байгаа нь ямархуу хариуцлагатай, итгэл үнэмшилтэй хүн бэ гэдгийг тодхон гэрчлэх байх.
Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёронтоо сонгогдож явсан Ц.Элбэгдорж хууль дуудвал гутлаа тослоод зангиагаа зүүгээд очих ёстой. Би ч гэсэн очино гэж попорч байв. Гэвч тэрбээр өнөөдөр харийн улсад үнэтэй зочид буудал тарвалзаж буй гэх бөгөөд үүнийх нь үргэлжлэлийг иргэний хөдөлгөөнөөс улс төрд орсон гудамжны жагсагч О.Магнай ч гэсэн үргэлжлүүлж буй бололтой.
Түүнийг хууль дуудлаа. Гэвч тэрбээр хаана хоноглож буй нь мэдэгдэхгүй, ёстой л Улаанбаатараар нэг хийцгүйрч байгаа бололтой.
Тиймээс л Б.Жаргалсайхан шүүхийг үл тоомсорлож, О.Магнай шүүхээс зугтаав гэж хэлсэн юм.
Уг нь бол улстөрч хүний зангараг, иргэний хүний ухамсараа тээгээд шүүхийн хаалгаар нэг ороод үнэн, мөнөө тогтоолгочихвол ирээдүйн улс төр дэх замнал нь цэвэр баймаар. Гэвч "үнэний дуу хоолой" гэсэн гуншинтай, цахим сүлжээний од Б.Жаргалсайхан тэргүүтэй хүмүүст энэ бүхэн түй ч хамаагүй бололтой юм. Тун удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болно. Энэ үеэр өнгөрсөн түүх бүхэн сөгөгдөж, яригдах нь лавтай. Тэр үед тэд шүүхээс зугтаж, хийцгүйрч явснаа юу гэж тайлбарлах бол.
Ташрамд дурдахад, долдугаар сарын 1-ний өдрийн хэргээр нэр бүхий цагдаа нар шүүхийн хаалга татсан ч ямар ч ял эдлээгүй юм. Учир нь хэргийн гол будлианыг улстөрчид хутгасан гэдэг нь хэнд ч тодорхой байсан. Тиймдээ ч төрийн цагдаагаар ард түмний өөдөөс хүйтэн буу шагайлгаж, тэднээр туг тахисан. Хэргийн улмаас ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 6.6 жил, НЦГ-ын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтод 5.6 жилийн, Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарт хоёр жилийн ялыг тус тус оноосон юм.
Гэвч Өршөөлийн хуульд хэргийг хамруулснаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6 жил, О.Зоригтод 2.6 жилийн ялыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэж, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар өршөөлийн хуульд хамрагдан ялгүй үлдсэн юм. Улстөрчдийн даалгавраас буу шагайсан цагдаа нар шүүхийн хаалга татсан. Тэгвэл өдөөн турхирсан нөхдүүд хаана явна бэ.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (13)