“Эрдэнэс Тавантолгой” ХК 2020 оны нэгдүгээр сараас хойш нүүрс экспортлохгүй байгаа, компанийн удирдлагууд хууль бус зүйл хийсэн гэх мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл уг мэдээллийг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг үгүйсгээд оноос хойш 1.6 сая тонн нүүрс экспортлосон гэдгийг мэдэгдлээ.
Тодруулбал, компанийн үйл ажиллагаа тасалдаагүй. БНХАУ-ын Ардын ир хурлаас тухайн жилд хэдэн тонн нүүрс авахаа баталдаг. Энэ хурал нь жил бүрийн гуравдугаар сард болдог. Энэ утгаараа жил бүрийн нэгдүгээр сард нүүрсний экспорт буураад хоёрдугаар сараас нэмэгддэг. Гэхдээ компанийн санхүү өнөөдрийг хүртэл ямар ч асуудалгүй явж ирсэн. Харин өнөөдрөөс эхлэн экспорт болон санхүүгийн байдалд хүндрэл үүсэж эхэлж байна. Энэ бол зөвхөн Монгол Улсаас хамаараагүй. Дэлхий нийтэд давагдашгүй хүчин зүйл тулгамдсан учраас ийм зүйл болж байна. Компанийн хувьд санхүү гэхээс илүүтэй монгол хүний амь нас, эрүүл мэнд чухал. Зүүн цанхиас 580 мянган тонн нүүрс Цагаан хад руу, Баруун цанхиас сая орчим тонн нүүрс буулгаж, экспортлосон. Энэ сарын 15-наас нүүрсний экспорт эхлэхгүй бол бидэнд эрсдэл үүснэ. Улсын онцгой комиссоос чиглэл өгсөн. Үүний дагуу энэ хугацаанд экспорт эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хийж байна. Тээврийн жолооч нар ажилдаа орно. Ингэхдээ ариун цэвэр, дархлаажуулалтыг сайн дэмжих ёстой. Үүний бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Хил гарахдаа автомашины цонхоороо бичиг баримтаа өгч, авалцана. Өмнө нь жолооч нар бууж шалгуулдаг байсан. Үүнийг хятадын талтай ярьж тохирсны дагуу болиулахаар болсон.
Дараагийн нэг асуудал нь компанийн гүйцэтгэх удирдлагатай холбоотой гүтгэлгийн мэдээлэл гарсан. Хорио тавигдсанаас хойш компанийн удирдлагууд Өмнөговь руу яваагүй.
Түүнчлэн надад өөрийн эзэмшлийн портер автомашин байхгүй. Би бусдын адил лизинтэй. Энэ компанитай миний нэр 10 гаруй жил холбогдож ирсэн. Би хэзээ ч хоёрын хооронд зүйл хийхгүй. Хууль зөрчихгүй, хэнд ч хууль зөрчих боломж олгохгүй.
Компани хувьцаа эзэмшигчдийн хараа хяналт дор үйл ажиллагаа явуулдаг. Би Их хуралд дэвшихгүй. Албан тушаал хөөцөлдөхгүй. Эхлүүлсэн төслөө амжилттай хэрэгжүүлэхийн төлөө явна.
Намайг бэлэн мөнгө авсан энэ тэр гэх мэдээлэл гарсан. Өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед би хөдөө яваагүй. Ажил, гэр гэсэн маршруттай байна. Компанид өндөржүүлсэн бэлэн байдлын штаб байгуулагдсан. Би даргаар би ажиллаж байна. Энэ утгаараа ажил дээрээ ихэвчлэн байна. Надад бэлэн мөнгө байхгүй. Цахим орчинд гарсан мэдээллийн дагуу Тагнуулын ерөнхий газраас тодруулга авсан. Тийм зүйл байхгүй гэсэн. Нэр төрд халдаж, гүтгэсэн хүмүүсийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаас өөр замгүй. Ингэж болохгүй. Нийгмийг ингэж харлуулж, мөрөөрөө ажиллаж байгаа хүнийг гүтгэх нь сэтгүүл зүй биш. Надтай нэр холбосон Их хурлын гишүүнтэй найз биш, гишүүн гэдгээр нь мэдэхээс хэтрэхгүй” гэлээ.
Г.Маргад
Сэтгэгдэл (50)