“Эрдэнэс тавантолгой” ХК өнгөрсөн онд нэг их наяд төгрөгийн ашигтай ажиллаж энэ оноос эхлэн хувьцаа эзэмшигчиддээ анх удаа ногдол ашиг тараахаар болсон.
Энэ хүрээнд тус байгууллагын удирдлагууд ирэх дөрөвдүгээр сард хуралдаж, тавдугаар сараас эхлэн данс нээлгэсэн иргэдэд олгох юм. Ингэхдээ нэгж хувьцааг 90 төгрөгөөр бодож олгохоор төлөвлөсөн бөгөөд 1072 хувьцаатай иргэд 96.480 төгрөг, 772 ширхэг хувьцаатай иргэн 69.480 төгрөг тус тус ногдол ашигт авна.
Иргэдийн дунд сонгуулийн жил учраас бэлэн мөнгө тарааж байна. Ногдол ашгаасаа татгалзаж, хэрэгцээтэй төсөл хөтөлбөрт зарцуулах талаар санал цахим сүлжээгээр их тархсан. Тэгвэл энэ талаар тус компаниас “Энэ бол бэлэн мөнгө тараалт биш. Ямар ч бизнесийн байгууллага ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Тухайн хувьцаа эзэмшигч компанийг ашигтай ажиллахыг шаардаж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг шаардлага тавьсаар ирдэг. Тиймээс анх удаа ногдол ашгаа хуваарилж байна. Ашгийн төлөө байгууллага ногдол ашгаа үнэт цаас болон бэлэн мөнгө хэлбэрээр тараадаг”. Иргэдийн ногдол ашгийг өөр зүйлд зарцуулах эрх байхгүй хэмээн мэдэгдсэн юм.
Ногдол ашиг хүртэл 1.080.000 иргэн байгаа бөгөөд дансаа нээлгэж амжаагүй иргэдийг онлайн хэлбэрээр ирэх дөрөвдүгээр сарын дотор бүртгүүлэхийг анхааруулж байгаа. Ногдол ашиг тараах мэдээлэл гарснаас хойш 59 мянган шинээр данс нээлгэжээ.
Мөн онцгой дэглэм үүссэн энэ үед иргэдийг бөөгнөрөл үүсгэхгүй байх зорилгоор “Гэрэгэ систем” компанитай хамтран данс нээлгэх боломжтой технологи бүтээж байгаа ажээ. Энэ төхөөрөмжийг 21 аймгийн 365 сумдад байрлуулах бөгөөд төрийн олон үйлчилгээг нэгтгэсэн гэдгээрээ онцлог аж. КИОСК машин удахгүй ашиглалтад орох бөгөөд хөдөө орон нутгийн иргэд данс нээлгэхдээ заавал аймгийн брокерийн компанид очдог байсан бол уг машинаар хурууны хээгээ уншуулна. Үйлчилгээгээ сонгож, зааврын дагуу бөглөснөөр данс нээгдэх аж.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)