Энэ долоо хоногт улстөр, нийгмийн хүрээнд гарсан үйл явдлыг тоймлон хүргэе.
Шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо өдөрт 3000-аар нэмэгдэж, 100 гаруй хүн амь насаа алдаж буй нь дэлхий нийтийн санаа зовоосон асуудал болоод байна.
Эрдэмтэн, судлаачдын дүгнэж буйгаар халдварын оргил үе ирэх дөрөв, тавдугаар сар байж болзошгүй хэмээн тайлбарлаж байна. Тиймээс ч Ерөнхийлөгчийн зарлигаар цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан. Мөн энэ сарын 14-нөөс эхлэн БНХАУ-аас ирэх нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа юм.
Уг арга хэмжээтэй зэрэгцэн БНХАУ дахь монгол иргэдийг дахин бүртгэлжүүлэх, хүсэлт гаргасан иргэдийг түргэн шуурхай эх оронд нь авчрахаар ажиллаж байна. Хилээ хаасан энэ үед иргэдийн гол санаа зовж буй асуудал бол хүнсний бүтээгдэхүүний хүрэлцээний асуудал. Уг асуудлаар ХХААХҮЯ-аас “Хил хаасан ч хүнсний экспорт зогсоохгүй. Тиймээс иргэд аль болох шим тэжээлтэй, өдөр тутмынхаа хоол хүнсийг бэлтгэх хэрэгтэй” гэдгийг зөвлөсөн юм.
Шинэ төрлийн коронавирусын халдварын улмаас баар, ресторон, караоке, хүнсний дэлгүүр, кино театр зэрэг үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, заримыг нь түр хугацаагаар зогсоосон. Мөн нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион явуулахыг хориглоод байгаа. Мэдээж иргэд олноор цугласан газар халдвар гарах өндөр эрсдэлтэй ч энэ нь эргээд иргэдийн орлого, амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж эхлээд буй.
Тиймээс зарим гишүүдийн зүгээс иргэдийн зээл тухайлбал, ипотек, цалин, бизнесийн зээлийг түр хугацаагаар царцаах талаар холбогдох байгууллагуудтай хэлэлцсэн. Улмаар Монголын банкуудын холбооноос хэрэв иргэдийн зээлийн төлөх хугацааг түр хугацаагаар царцаавал хадгаламжтай иргэдийн хадгаламжийн хүүг тухайн хугацаанд олгохгүй байх гэсэн санал тавьжээ. Хамгийн гол нь Сангийн яам болон Монголын банкуудын холбоо зэрэг байгууллагуудтай тохиролцож чадвал Санхүүгийн зохицуулах хороог хөдөлгөж банк бус санхүүгийн байгууллага, ломбард болон бусад зээлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаас зээл авсан иргэдийн зээлийг ч мөн адил түр хугацаагаах царцааж болно гэсэн юм.
Түүнчлэн энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд албан үүргээсээ чөлөөлөгдлөө. Тэрбээр “Гурван сарын дараа Их Хурлын ээлжит сонгуулийн компанит ажил эхлэх учраас сонгуульд бэлдэх хэрэгтэй байна” гэсэн ч зарим эх сурвалжийн хэлж буйгаар түүнийг Ерөнхийлөгчтэй тохиролцож чадаагүй байх хэмээн таамаглаж буй юм.
Ямартай ч түүний оронд Монголын хөл бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхийн орон тооны бус зөвлөх, АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүн Ө.Шижир томилогдсон. Зарим учир мэдэх хүмүүсийн хэлж байгаагаар тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуулийн компанит ажилдажилладаг байсан бөгөөд улстөрийн ямар ч мэдлэггүй гэх. Юутай ч З.Энхболдын орыг Ө.Шижир залгахаар болов.
Ийнхүү улстөр, нийгмийн хүрээнд үйл явдал өрнүүн долоо хоног байлаа.
Б.Лхам
Сэтгэгдэл (10)