НӨАТ-ын буцаан олголт 2020 оны хоёрдугаар сарын 10 буюу өнөөдрөөс эхлэн иргэдийн дансанд шилжиж орж эхэллээ. Өнгөрсөн 2019 оны хувьд 911 мянга 707 татвар төлөгч иргэний 146,073,329,221.71 төгрөгийн албан татварыг баталгаажуулж дууссан бөгөөд 485 сая баримтаас 20 мянган иргэний 16.8 сая баримтыг эрсдэл гэж тооцжээ. Түүнчлэн 996 иргэний 2,105,794,600.15 төгрөгийн урамшууллыг "эрсдэлтэй" гэж тодорхойлон, нягтлан шалгаж байгаа юм байна. Учир нь зарим албан байгууллагын ажилтнууд худалдан авалт хийсэн иргэдэд НӨАТ-ын баримт өгдөггүй, үүнийгээ өөрийн нэр дээр их хэмжээгээр бүртгүүлдэг, иргэдийн баталгаажуулаагүй өндөр дүнтэй баримтын мэдээллийг хууль бусаар олж, өөрийн нэр дээр бүртгүүлэх, худалдан авалт хийгээгүй атлаа өөрийн компанийн ашиг, алдагдалд нийцүүлэн жилийн эцэст өөрийн компаниас e-barimt гаргуулж, буцаан олголт авахаар баталгаажуулах гэх мэт хууль зөрчсөн үйлдэл илэрсэн байна. Тиймээс энэ мэт үйлдлийг татварын алба нягталж, хуулийн хэрэгжилтийг хангахаар ажиллаж байгаа аж.