"Муу эр дайнд хөөрнө”, “Уул үзээгүй байж хормой шуух, ус үзээгүй байж гутал тайлах” гээд богинохон санах ой санамж, сүржин зантай монголчуудын ааш авирыг яг голыг нь олоод онож хэлсэн ардын цэцэн үг цөөнгүй. Эл үгийн утга санааг дахин дахин баталсан үйл явдал бол шинэ төрлийн коронавирус гэх өвчин. Хятадаас эхэлж тархсан эл вирус өдгөө дэлхийн 20 гаруй улсад гарч, 500 гаруй хүний амь насыг авч одсон бол 30 гаруй мянган иргэний амь нас дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байна.
Аюулт тархлаас сэргийлэхээр улсын дархан хилээ хааж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохын сацуу олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, амны хаалт зүүхийг Төрийн тэргүүнээс эхлээд салбарын сайдууд нь хүртэл уриалж, өөрсдөө үлгэрлэж эхэлсэн. Эл шийдвэрийн араас 250-хан төгрөгийн үнэтэй байсан амны хаалтны үнэ хэд дахин өсөж, бүр ховрын бараа болоодохов.
Харамсалтай нь, төрийн эрх баригчдын гаргасан дээрх шийдвэр, уриалга нь долоохон настай байлаа.
Нэг үгээр хэлбэл, өдөр хоног улиран өнгөрөх тусам амны хаалт зүүх УИХ-ын гишүүн, сайд, дарга нар ховорсов. Тэд камерийн өмнө гарахдаа ч, чуулганы хуралдаан дээр ч шүлсээ үсчүүлэн өнөө л улс төрийн попролоо ярих. Маскгүй улстөрчдийн давалгаа гээд хэлчихэж болох эл зураглал Төрийн ордноос хальж, нийт Улаанбаатарчуудыг хамарсан нь туйлын харамсалтай.
Өнөөдөр Ховд, Дархан-Уул аймагт гурав, ХӨСҮТ-д нэр бүхий долоон иргэнийг вирусын сэжигтэй хэмээн тусгаарласан. Үүнээс гадна урд хөршид вирусын халдвараар өвчлөгдсөдийн тоо цаг, минут тутамд олширч, аюулын харанга дэлдэж байна. Яг ийм цаг үед яаж ч хайгаад олдохгүй байсан өнөөх амны хаалт нь захын эмийн санд хөглөрч, харин амны хаалт зүүсэн иргэд нүдний гэм болохдоо тулав.
Хамгийн наад зах нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүртэл амны хаалт зүүхгүйгээр чуулган, элдэв хуралдаанд тухалж байна. Хуруу даран тоолбол, нэр бүхий хэдэн эмнэлэгт зочлохдоо амны хаалт зүүснийг эс тооцвол Төрийн ордонд лав амны хаалт зүүсэнгүй.
Эрхэм гишүүн, эрхэмсэг сайдтан өөрийн гоо үзэмжээ маскны ард нуухыг хүссэнгүй юү, эс бөгөөд “Тэнгэрлэг Монгол бүсгүй”-д элдэв нян халдахгүй гэж бардамнав уу. Аль нь ч бай Эрүүл мэндийн сайд хүний хувьд энэ бол маш хариуцлагагүй үйлдэл.
Д.Сарангэрэл сайдын араас Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Баатарбилэг хүртэл амны хаалт зүүхдээ хойрго хандсаар өнөөдрийг хүрэв. Уг нь түүнээс мэдэгдэл, мэдээлэл авах гэсэн ордны хэдэн сэтгүүлчид бүгдээрээ шахуу амны хаалт зүүчихсэн, түүнийг бүчин зогсож байгаа харагдах. Үүнээс гадна өнөө “Шударга тав” хэмээх рекламны гол дүрүүд, ард түмний хайр, хишгийг хүртэхээр улайрдаг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон Ж.Батзандан тэргүүтэй гишүүд хүртэл “Маскгүй попчин улстөрч” давалгаанд нэгдэв.
Ийнхүү Төрийн ордонд өрнөсөн эл зураглалаас сайд, дарга, гишүүдэд амны хаалт авах мөнгө байдаггүй юм биш биз дээ гэж ч бодохоор. Ингэж хэлэхэд инээдтэй, бас гунигтай ч гэлээ тэд бол ард түмний төлөөлөл. Тэд ард түмнийг сайн сайхан зүйлд уриалан дуудаж, үлгэрлэх учиртай. Гэтэл Халдварт өвчин судлал, мэргэжлийн хяналт, Хил хамгаалах, цагдаа, цэрэг, сэтгүүлчид гээд салбар бүрийнхэн амны хаалтыг зүүгээд хэвшчихсэн байхад өнөө л Саарал ордон дахь попчингуудад даанч хүртээлгүй мэт хайнга хандсаар өнөөг хүрэв.
Амны хаалт зүүдэггүй, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр, цаашлаад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг үл хайрахдаг улстөрчид зөвхөн Ё.Баатарбилэг, Д.Сарангэрэл сайд, “Шударга тав” хэмээх Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Х.Нямбаатараар хязгаарлагдахгүй.
УИХ-ын 75 гишүүний бараг 90 гаруй хувь нь энд тэнд шүлсээ үсчүүлэн таахалзан алхаж байна. Тэд ард түмнийг ингэж л басамжилж байна.
Гишүүд хөлөөрөө толгой хийх хооронд харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон түүний танхимын цөөнгүй гишүүд хариуцлагаа ухамсарлаж, амны хаалтнаас салахгүй байгаа харагдана лээ. Одоо харин үг авдаггүй Ё.Баатарбилэг, Д.Сарангэрэл тэргүүтэй сайдууддаа амны хаалт зүүлгээд сургачихвал Ерөнхий сайдын танхим жинхэнэ утгаараа гоё харагдах нь лавтай. Энд гоё сайхан харагдах нь чухал биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гагцхүү гоё сайхан гэдгийг ухамсар, хариуцлагатай зүйрлэж хэлснийг эрх биш ойлгоно гэж найдаж байна. Тиймээс шинэ төрлийн коронавирусаас хамгаалах гэж улсын хилээ хааж, сүржин загнасан юм бол авах арга хэмжээгээ ч гэсэн дорвитой байлга гэдгийг хариуцлагагүй, ухамсар сул Саарал ордныхонд давтан хэлье. Та бүхнийг Монголын ард түмэн, цаашлаад дэлхий харж байгаа гэдгийг бүү март.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (5)