УИХ-ын гишүүн асан, АН-н дэд дарга агсан Г.Батхүүгийн гэр бүлийнхэн болох том хүү Б.Ганхөлөг болон охин Б.Цэлмэг мэдээлэл хийлээ. Өнгөрсөн оны тавдугаар сарын 17-нд тэрбээр Төрийн ордонд нас барсан харамсалтай хэрэг гарснаас хойш хойш гэр бүлийнхэн нь өнөөдрийг хүртэл ямар нэг мэдээлэл хийгээгүй байсан билээ.
Энэ үеэр Б.Ганхөлөг "Найман сарын хугацаанд тэвчээртэй ажиглаж суулаа. Бидний хувьд маш хэцүү найман сар өнгөрлөө. Эмээ, өвөө, ээж маань гээд их хэцүү цаг хугацаа өнгөрч байна. Дөрвөн настай бага дүү маань хоол ундаа идэхгүй их хэцүү байна. 2019 тавдугаар сарын 17-нд цоо эрүүл аав маань өглөө гэрээсээ гараад явсан. Төрийн тусгай обьектод албан үүргээ гүйцэтгэж яваад эргэж ирсэнгүй. Бид гаднын нөлөөтэй гэж үзэж байна. Өндрөөс унасан гэж байгаа ч унасан талын нүд нь хэвийн хэр нь нөгөө талын нүд нь нэлээд том хавдартай байсан. Хүзүүн дээр гарсан улайлт нь заамдалтын улмаас гарсан гэж бид хардаж байгаа. Өмгөөлөгч ч хэллээ. Бид ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ. Амьд явах баталгаа байна уу. Төрийн ордонд ажлын цагаар амиа алдсан байхад найман сарын хугацаанд бидэнд ямар ч шийдэл гарсангүй. Төр нийгмийн зүтгэлтэнд тохиолдсон хэргийг шийдэж чадахгүй байна” гэв. Мөн тэрбээр гар утсан дээр зургаа харуулсан юм.
Харин “Шүүх эмнэлгийн дүгнэлт эцэслэж гарсан. Дэлгэрэнгүйг унших боломжгүй бөгөөд эмнэлзүйн үг хэллэг ихтэй учраас танилцуулах боломжгүй. Харин анхаарал татсан зүйлсийг хүргэе. Талийгаачийн баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр баруун нүдэнд хөхрөл, хавдар үүссэн. Мөн хүзүүний 7х0.5 см улайлт үүссэн. Өвчний улмаас цус харваагүй, гэмтлийн гаралтай цус харвалт үүссэн гэсэн дүгнэлт гарсан. Нэр бүхий гишүүнээс полиграфийн тест авсан. Тестийн дүгнэлтээр асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр гэсэн дүгнэлт гарсан. Талийгаачийн хэрэглэж байсан гар утсыг хураан авч, эргүүлэн хүлээн өгсөн бөгөөд тухайн утсан дээр ямар ч мэдээлэл байгаагүй ресет хийсэн байсан. Шинжилгээний дүгнэлтэд ч гар утсанд ямар нэг мэдээлэл байгаагүй, сэргээх боломжгүй гэж гарсан. Хэргийг шалгах явцад нэр бүхий этгээд гэр бүлийнхэн рүү нь "хэргийг би харсан надад 13 секундын бичлэг бий" гэж мессеж бичсэн. Энэ хүнийг тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх эмнэлэгтэй холбоотой асуудал байсан. Задлан шинжилгээний өмнө MRI зураг авахуулахыг хүссэн ч яаралтай хэмээн оруулаагүй. Шинжилгээний явцад дутуу хийсэн шинжилгээ их байсан" гэдгийг өмгөөлөгч Ж.Батхуяг хэллээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (13)