Австралийн Холбооны Улсын Сидней хотын "Старс" казинод орсон гэх асуудалд УИХ-ын нэр бүхий гишүүд холбогдоод буй. Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ тайлбар хийлээ.
Тэрбээр "УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат орсон нь үнэн. Гэхдээ тоглоогүй гэж АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдлээ. Д.Эрдэнэбат гишүүнтэй өнөөдөр өглөө ярьсан. Тэгэхэд "Огт тоглоогүй. Ороод гарсан" гэдгээ хэлсэн. Ер нь гаднын улсад явж байх үед дэлгүүр хоршоо сонирхоод орох тохиолдол байдаг. Хувь хүнийхээ үүднээс сонирхож орсон юм байна лээ гэж ойлгосон. Хэрвээ казино тоглосон нь баримтаар нотлох ёстой. Үүнийг тогтоосон зүйл одоогоор алга. Төрийн алба хаагч казино тоглосон бол хариуцлага тооцно гэж эрх баригч намынхан мэдэгдсэн. Бидний зүгээс үйлдэл нь тогтоогдоогүй учраас ямар нэгэн зүйл урьдчилж хэлэх эрт байна. Хувь хүнийхээ үүднээс ороод гарахад хууль зөрчсөн үйлдэл болохгүй байх. Өмөөрсөн зүйл байхгүй. Орж, гарахыг хуулиар хориглоогүй. УИХ-ын гишүүн гадаадад явахдаа өндөр үнэтэй зочид буудалд бууж болохгүй, баар, ресторанд орж болохгүй гэж хуулиар хориглосон зүйл байхгүй" гэлээ.
Ташрамд дурдахад, Австралийн Холбооны Улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд манай улсаас УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын төлөөлөгчид оролцсон юм. Тэд энэ сарын 19-нд буюу өчигдөр эх орондоо ирсэн бөгөөд дээрх асуудалд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Монгол Улсаас Австрали Улсад суух онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Б.Чулуунхүү нар нэр холбогдоод байгаа юм.
Г.Маргад
Сэтгэгдэл (9)