Өнгөрсөн 2019 оны гуравдугаар сарын 26-нд өөх соруулах гоо сайхны мэс засал хийлгэсэн 29 настай бүсгүй амиа алдсан билээ. Уг хэргийн талаар хохирогчийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. Хохирогчийн аав, ээж нь "Талийгаач бидний амьнаасаа илүү хайрладаг ганц охин минь байсан. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг зүйл болж байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Охин минь амиа алдаад есөн сар болж байхад "Тод Каннам" эмнэлгийнхэн уучлалт гуйгаагүй. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр бидний өмнөөс харж суучихаад инээж байна. Биднээр тохуурхаж байна. Үүний ард нөлөө бүхий том хүн байна гэсэн хардлага бидэнд төрсөн.
Хэрэгт н.Тодням, н.Мөнгөнчимэг гэсэн хоёр хүнийг хариуцагчаар татсан байна. Гэхдээ зөвхөн энэ хоёр хүнийг яллагдагчаар татах биш "Тод Каннам" эмнэлгийг хариуцагчаар татаж, үйл ажиллагааг нь зогсоох ёстой.
Миний охин суурь өвчингүй, 29 настай эрүүл саруул охин байсан. Өөх соруулах мэс засал хийлгэх үедээ 55 кг жинтэй байсан. Ийм бага жинтэй охинд яагаад өөх соруулах мэс засал хийж байгаа юм бэ. Мөнгөний шуналаас болж миний охины аминд хүрлээ. Өөх соруулах мэс засал хийлгэхдээ бидэнд хэлээгүй. Охиноо ийм мэс засал хийлгэх гэж байгааг бид мэдээгүй" гэсэн юм.
Харин хуульч, өмгөөлөгч н.Баасанжав "Амь хохирогч эмч н.Тодномбатын чадварт итгэж очсон уу, эсвэл "Тод Каннам" эмнэлгийн үйл ажиллагаанд итгэж очсон уу. Үүнийг анхаарах ёстой. Учир нь өөх соруулах үйл ажиллагаа явуулах эрх энэ эмнэлэг аваагүй хэрнээ эмчилгээ хийсэн эмчд өөрөө зөвшөөрөл өгсөн. Ингэсэн нь эрүүгийн хэргийг бусдаар үйлдлүүлсэн хэрэгт буруутгаж, хардаж байна" гэлээ.
Сэтгэгдэл (2)