УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал өнгөрсөн 2019 онд прокурорын байгууллагад ирсэн, удахгүй чуулганаар оруулна гэдэг дуулиан дэгдсэн билээ. Уг мэдээлэлтэй зэрэгцэн гишүүн Н.Номтойбаяр яаран сандран мэдэгдэл хийж, асуудал үнэн бол чуулганаар нээлттэй хэлэлцэх ёстой. Ингэхгүй бол бүрэн эрхийнхээ дагуу арга хэмжээ авах талаар юм бодно гэх ухааны юм ярьж байв.
Энэ хугацаанд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан эрүүл мэндийн шалтгаанаар албан үүргээсээ түр чөлөө аваад байх хойгуур дээрх албан бичиг прокурорын байгууллагад ирсэн аж.
Нэгэнт прокурорын байгууллагын тэргүүн байхгүй учир ҮАБЗ-ийн нэг гишүүн нь Н.Номтойбаярын бүрэн эрхийг чуулганаар оруулахгүйгээр буцаах даалгавар өгсөн бөгөөд үүний дагуу прокурорын байгууллага халаасандаа даржээ.
Гэхдээ ҮАБЗ-өөс ийм даалгавар өглөө гээд гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг хав дарсангүй. Харин ч Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан албан ажилдаа эргэж оронгуутаа Их хуралд уг асуудлыг өргөн барьжээ. Энэ дагуу өнөөдөр буюу нэгдүгээр сарын 17-нд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай дээрх хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдэх юм. Үүний дараа УИХ дахь намын бүлэг, байнгын хороогоор асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Энэ талаар Н.Номтойбаяр гишүүн “2019 оны сүүлчээр би хэвлэлийн хурал зарласан. Энэ үеэрээ хэргийн нууц задруулсан гэдэг үндэслэлээр бүрэн эрх түдгэлзүүлэх санал ирүүлсэн. Үнэхээр хэргийн нууц задалсан бол энэ эрүүгийн хэрэг болно. Гэтэл нууц задалсан эсэхийг шалгаагүй, надад ч мэдэгдээгүй.
Хэрвээ Халдашгүй байдлын дэд хорооны хурал хаалттай болбол би оролцохгүй. Надад нуугаад байх зүйл байхгүй. Нээлттэй хуралдвал оролцоно” гэсэн юм.
Тэгвэл түүнийг ийм тайлбар өгөхөөс өмнө буюу 2019 оны сүүлчээр түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий компаниудад зээл олгосон байж болзошгүй, мөн Г.Батхүү агсны асуудлаар гишүүний бүрэн эрхээс эгүүлэн татах хүсэлтийг УЕП-оос тавьсан гэх мэдээлэл цацагдаад байсан.
Одоогоор яг ямар үндэслэлээр түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулсан нь тодорхойгүй ч Б.Жаргалсайхан прокурор хуулийн салбарын төмөр нүүрийг харуулах алхмаа Н.Номтойбаяр гишүүнээс эхлүүлж буй бололтой. Хэрвээ УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор уг асуудлыг хэлэлцээд наашүтай шийдвэр гаргавал их цэвэрлэгээ эхлүүлэх гэсэн шийдэл амжилттай хэрэгжих боломжтой болох юм.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог УИХ, Засгийн газрын гишүүн Ц.Нямдорж ахалдаг бөгөөд парламентад хамгийн олон удаа сонгогдсон ахмад гишүүд болох Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар харьяалагддаг билээ.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (100)