Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан сүүлийн хоёр сар орчим хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа түр чөлөө аваад байсан. Тэгвэл тэрбээр өнөөдрөөс эхлэн үүрэгт ажилдаа орсон байна. Тэрбээр өнөөдөр ажилдаа ирэнгүүтээ эзэнгүй байх үеийнхээ бүх мэдээллийг нэгтгэж, мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналтаа чангаруулах үүрэг өгсөн сурагтай.
Түүнийг эзгүйд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал прокурорын байгууллагад ирсэн боловч уг шийдвэрийг буцаах чиглэлийг ҮАБЗ-ийн гурван гишүүний нэг нь өгсөн гэх мэдээлэл бий.
Үүнийг нь батлах мэт Н.Номтойбаяр гишүүний нэр холбогдоод байсан дуулиан, бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал дарагдсан юм.
Тэгвэл Ерөнхий прокурорыг үүрэгт ажилдаа орохтой зэрэгцэн ЖДҮ-гээс зээл авсан УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал эргэж яригдах бололтой. Ерөнхий прокурорыг чөлөө авахаас өмнөхөн энэ сэдэв нийгмийн гол дуулианаар тодроод байсан. Тэгвэл ойрын хугацаанд асуудлыг чуулганаар оруулж магадгүй гэсэн бор шувуу нисэх боллоо.
Хэрвээ энэ үйл явц батлагдвал ЖДҮ-тэй нэр холбогдсон эрхмүүд дахин Төрийн ордонд залрах мөрөөдөл салхинд хийсэн магадлалтай.
Юутай ч Германд хэдэнтээ эмчилгээ хийлгээд ирсэн Ерөнхий прокурор ажилдаа ийнхүү орлоо. Ингэснээр түүний эзгүйд гацаанд ороод байсан Ерөнхий сайд С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогтоос эхлээд дээрх ЖДҮ-гийн хэрэг болон авлига, албан тушаалтанд холбогдох хэргүүд эхнээсээ шийдэгдэж эхэлнэ гэж найдая.
Г.Нацаг
Сэтгэгдэл (254)