Хөрөнгийн зах зээлд шинэ соёлыг түгээгч Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох “INTERACTIVE BROKERS” үйлчилгээг Монгол Улсад анх удаа цогцоор нь нэвтрүүлсэн билээ. Ингэснээр харилцагч тив дэлхийн хаана ч байсан хүссэн цагтаа (24/7) гадаадын хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцож, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулгаа авах, ханш харах зэрэг бүхий л үйлчилгээг гар утас, компьютерээ ашиглан авах боломжтой болсноос гадна хувьцаа, төрөл бүрийн үүсмэл үнэт цаас, засгийн газрын болон компанийн бонд, валют, үнэт метал зэрэг бүтээгдэхүүнүүдээс сонголтоо хийх давуу талыг бүрдүүлсэн юм.
Голомт Капитал ҮЦК ХХК нь тус үйлчилгээг ашиглах хүсэлтэй харилцагчдадаа зориулан, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцоход заавал мэдэх учиртай суурь болон техник шинжилгээг хэрхэн хийх, ямар стратегийг сонгох зэрэг мэдээллийг өгөх зорилготой “INTERACTIVE BROKERS” дунд шатны сургалтыг зохион байгуулсан бөгөөд онол, практик болон бодит арилжаанд суурилж явагдсанаараа онцлогтой байв.
Мөн суралцагчдыг дадлагажуулах зорилгоор хүн тус бүрт нэг сая долларын эрх бүхий зохиомол данс нээсэн бөгөөд улмаар зохиомол арилжаанд оролцохдоо хамгийн ухаалаг бөгөөд өндөр ашиг хүртсэн ялагчийг тодруулах уралдаан зарласан юм.
Нэг сарын хугацаанд үргэлжилсэн тус уралдаанд нийт 60 орчим хүн хамрагдсанаас хувиараа бизнес эрхлэгч Д.Батцогт тэргүүлж, бодит арилжаанд оролцохдоо 500,000 төгрөгийн шимтгэлээс чөлөөлөгдөх эрхийн эзэн боллоо.
-Interactive Brokers үйлчилгээг ашиглан гадаадын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох дадлагажих хөтөлбөрийн ялагч болсон танд баяр хүргэе. Хөрөнгийн зах зээл яагаад таны сонирхлыг татах болов?
*Би аялал жуулчлалын бизнес эрхэлдэг. Тиймээс олон орны хүмүүстэй хамтарч ажилладаг юм. Тэдний дийлэнх нь дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцдог, намайг бас судалж үзээч гэсэн санал тавьж байсан л даа. Дээрээс нь манай улс шиг дэлхийд байхгүй хадгаламж, зээлийн өндөр хүүтэй улсад энэ нь яваандаа буурах нь дамжиггүй юм. Тийм болохоор санхүүгийн өөр хэрэгсэл гэхээр надад хөрөнгийн зах зээл хамгийн зөв хувилбар гэж санагддаг. Гэхдээ үнэнийг хэлэхэд Голомт Капитал компаниас сургалт зарлах хүртэл хаана хандаж, яах учраа олохгүй явсан гэх үү дээ.
-Хамгийн өндөр ашгийг ямар бүтээгдэхүүнээс хийв?
-Хэдийгээр энэ дадлагажих хөтөлбөр нь зохиомол мөнгөөр арилжаанд оролцож байгаа ч гэсэн зах зээлийн орчин нь бодит байсан. Би сургалтаар сурсан мэдээлэлдээ үндэслээд 1 сарын хугацаанд 1 сая доллараа 1 сая 120 мянган доллар болгож өсгөсөн байна. Өөрөөр хэлбэл 12%-ийн ашигтай гэх үү дээ. Дийлэнх өсөлтөө Амазоны хувьцаанаас хийсэн. Бас хэд хэдэн жижиг компанийн хувьцааг авч үзсэн ч ханш нь унаад байсан. Тэр үед нь аль болох алдагдал бага хүлээх стратеги барьсан. Мөн валютын ханшийн зөрүүнээс ашиг олох зорилготой арилжаа хийж үзлээ.
Ер нь суурь болон техник шинжилгээг өөрийнхөө хэмжээнд хийгээд сурчихвал хөрөнгийн зах зээл их боломжтой нь харагдсан. Мөн тодорхой хэмжээний хэлний мэдлэгээс гадна гадаад дотоодын улс төр, нийгэм, эдийн засгийн байдлын талаар зохих мэдээлэлтэй байх нь их чухал санагдлаа. Харилцагчдыгаа энэ бүхэнд суралцахад Голомт Капитал компанийн мэргэжлийн баг хамт олон үргэлж тусалдаг нь надад маш их түшиг тулгуур болно гэж найдаж байна. Ингээд тус компанийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье.