Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Т.Баатарсүх нар мэдээлэл хийлээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Өнгөрсөн хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх таван өрхөөс дуудлага ирж, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөө авсан байна. Угаартсан нэг хүүхэд хоёр том хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Сайжруулсан түлшний түгээлт, нийлүүлэлтийн хувьд төвийн зургаан дүүргийн 321 цэгт Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрын 1014 төрийн албан хаагч хяналт тавьж 24 цагаар ажиллаж байгаа" гэлээ.