Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан улстөрчдөд дарамтлуулаад ажлаа хийхгүй байна, өрөөнийхөө хаалгыг дангинатал түгжчихэж гэх зэргээр мэдээлэл гарах болов. Үнэхээр төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх тэрбээр ажлаа хийхгүй байгаа юу гэвэл тийм. Албан өрөө нь эзэнгүй байгаа юу гэвэл бас л тийм.
Гэхдээ хэн нэгэн улстөрчийн дарамт шахалтаас айж, эмээсэндээ прокурорын салбарыг орхисонгүй.
Харин эрүүл мэндийн шалтгаанаар ийнхүү үүрэгт ажлаа түр хугацаанд шилжүүлэхэд хүрсэн нь энэ. Монголчууд зовж, шаналсан нэгэндээ сэтгэлийн дэм хайрдаж, урмаар тэтгэдэг сайхан ард түмэн байсан. Гэтэл өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр эс бөгөөс сошиаль медиаг ашиглаж, хэнийг ч хамаагүй газар доогуур ортол нь баалдаг болж. Харамсалтай нь, үнэн зүйл рүү ингэж чичирсэн бол бас яая гэхэв. Гэтэл худал зүйлийг үнэн болгох гэж, үнэн зүйлийг үгүйсгэхийн төлөө ийн багаар ажиллах нь ёс зүйд үл нийцнэ.
Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы бие олон жилийн өмнөөс өвдсөн юм байна.
Түүний төрсөн дүү нь Герман улсад ажиллаж, амьдардаг эмч хүн. Энэ ч утгаараа 2019 оны зун хоёр ч удаа Германд очиж эмчилгээ хийлгэжээ. Ингээд өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сарын 24-нөөс 28-ны хооронд БНХАУ-ын Ардын Дээд Прокурорын газрын Ерөнхий прокурор Жанг Жуны урилгаар БНХАУ-д ажлын айлчлал хийсний дараа биеийн байдал нь дахин муудаж, үүрэгт ажлаасаа чөлөө авахаас өөр аргагүй болсон нь энэ.
Прокурорын тухай хуульд зааснаар Улсын Ерөнхий прокурор ажлаас түр чөлөө авсан үед түүний хоёр орлогч прокурорын аль нэг нь бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх ёстой. Ерөнхий прокурорыг өвдөх үед орлогч прокурор М.Чинбат нь гадаадад томилолттой байсан учир орлогч С.Алиманцэцэгт үүрэгт ажлаа хариуцуулан үлдээсэн байна.
Өнөөдөр прокурорын байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг тус байгууллагаас удаа дараа мэдэгдсэн.
Гэвч Ерөнхий прокурор түр эзгүй байгааг далимдуулж, улстөржих хүмүүс цөөнгүй байсаар байна.
Жишээлбэл, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Улсын Ерөнхий прокурор гудамжинд гарчихаж. Өрөө нь эзэнгүй байна. Прокурорын байгууллага дампуурлаа гэх утгатай мэдэгдэл хийж, ард түмнийг турхирсан. Хууль тогтоох эрх бүхий байгууллагад сонгогдсон Их хурлын гишүүд нь хүртэл хууль хяналтын байгууллагын талаар ташаа мэдээлэл түгээж, ард түмнийг сэнхрүүлэх нь зөв зүйл, шударга ёс юм гэж үү. Угтаа бол Ж.Батзандан, Л.Болд нар өөрсдийгөө шударга таван гишүүдийн нэгээхэн хэсэг, эд эс нь гэх. Тэгсэн атлаа энэ мэт үйлдэл гаргах нь шударга гишүүд мөн үү гэж асуухад хүргээд буй.
Энэ ч утгаараа Их хурлын нэр бүхий гишүүд болоод зарим нэг иргэд, жиргээчдийн хувьд Улсын Ерөнхий прокурор гэдэг хүн өвдөх ч эрхгүй бололтой. Энэ нь хүний ёсонд нийцнэ гэж үү.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (233)