ФАКТ 1.
Тэрбээр УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа Баянхонгор аймгаас сонгогдсон. Улмаар 2008-2012 онд ЗТБХБ-ын сайд, 2012-2013 онд Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн сайдаар ажиллаж байсан.
ФАКТ 2.
МоАХ-ны дарга, Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн зэрэг сонгуульт ажлыг туршлагатай.
ФАКТ 3.
Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байх үед “Женко” Х.Баттулга 17 чингэлэг спиртийн хэрэгт 1997 онд холбогдож, интерполоор эрэн сурвалжилж байсан удаатай. Тэрбээр энэ хэргээсээ зугтаж гадаадад олон сар амьдарсны эцэст хэргээ дүүдээ холбогдуулсан болоод хэргээс мултарсан гэх яриа бий.
ФАКТ 4.
Алдарт 17 чингэлэг спирт ариутгалын бодис болж хувирсан, гаалийн бүртгэлд бүртгэсэн баримтыг хальсанд буулгасан МҮОНРТ-ийн сэтгүүлчийн хальс хулгайлд алдагдсан нь яах аргагүй дээрээс оролцоотой хэрэг болох нь гэрчилсэн, баталсан. Гэвч хэрэг тэгс ингэс хийгээд замхарсан.
ФАКТ 5.
Дуулиант хэрэг цагийн эрхэнд бүдгэрсэн боловч хэргийг илрүүлсэн цагдаа зургаан сарын дараа постон дээрээ бусдад 27 удаа хутгалуулж, амь насаа алджээ. Талийгаач цагдаа найман хүүхэдтэй бөгөөд түүний гэргий Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд хандан орон байраар туслахыг хүсэж, хэвлэлийн бага хурал хүртэл хийж байв.
ФАКТ 6.
1999 оны долдугаар сарын УИХ-ын чуулганаар хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг гаргасан байдаг. Энэ жагсаалтад “Мах импекс” ХХК багтсан боловч тухайн оны наймдугаар сард тус компанийн төрийн өмчийн хэсгийг Х.Баттулга хувьчлан авчээ. Хувьчилж авахдаа хууль зөрчин “Эрдэнэт” үйлдвэрээс ОХУ-ын цахилгааны төлбөрт өгөх ёстой байсан гурван сая ам.доллараар авсан гэх ам дамжсан яриа хүртэл бий. Энэхүү хууль бус үйлдлийг УИХ-аас томилогдсон ажлын хэсэг “Мах импекс”-ийн хувьчлалыг шалгаад хууль бус гэж тогтоосон боловч хэлэлцээгүй тухай мөн л хэвлэлийн шар хуудаснаа мөнхрөн үлджээ.
ФАКТ 7.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нэгэн удаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “...Баттулга миний амин найз. Ямар ч юмыг хийчих юмсан гэж явдаг санаа нь надад таалагддаг. Харин арга барилд нь асуудал бий. Х.Баттулга хулгайчийн араншингаа гаргаж байна. Өөрийнхөө бүх хулгайг надад тохох гэж байна. Өөрөө хулгай хийчихээд хамтрагч татдаг аргатай хүн” гэж хэлж байв. Энэ ярилцлагын араас Ерөнхийлөгч Х.Баттулга ямар ч мэдэгдэл тайлбар хийгээгүй юм.
ФАКТ 8.
Түүнчлэн “Би “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд орж ирэхэд нь дэмжсэн болохоос биш хулгайг дэмжээгүй. Х.Баттулга өөрөө “Эрдэнэт”-ийн 49 хувь, Тавантолгойн орд газрын тухай хулгай луйварт оролцсон хүн. Одоо үүнийгээ хэн нэгэнд тохох гэж үзэж байгаа нь энэ. Би хулгайчдыг үнэрээр нь танина. Х.Баттулга бид хоёрын хүмүүжил өөр. Би эх орон, ард түмэндээ муу санасан удаа ер байхгүй. Саяхан Улсын Ерөнхий прокуроруудад хүлээлгэн өгсөн надтай холбоотой гэх 147 хуудас баримт бичгийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Үүнийг ард түмэн ч мэдэх эрхтэй. Надад хулгай луйвар хийсэн зүйл байхгүй. Х.Баттулга бол хулгайн сүлжээ байгуулчихсан ажиллаж байгаа хүн. Жинхэнэ өөрийнхөө эрх ашгийн төлөө” гэж экс Ерөнхийлөгч мэдэгдсэнээр Ерөнхийлөгчдийн дайн албан ёсоор эхэлснийг зарласан билээ.
ФАКТ 9.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь хамгийн олон хүүхэдтэй эрхмээр тодорсон удаатай. Намын болоод ойр хүрээний хүмүүсийн жиг жуг хийдгээр 14 хүүхэдтэй гэх. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орох үеэр нь “Та хэдэн хүүхэдтэй вэ” гэсэн хөтлөгч асуултад өөдөөс инээж суусан нь үүнийг батлах мэт.
ФАКТ 10.
2016 оны гуравдугаар сарын 31-нд “Жудагт Монгол” холбооноос “Бүх ард түмний эв нэгдэл” цуглааныг зохион байгуулахад цуглааныг дэмжиж оролцсон цөөн хэдэн Их хурлын гишүүдийн нэг нь Х.Баттулга. Тэрбээр “26 жилийн өмнө та бүхний өргөж байсан уриа лоозон нэг ч үг, үсэг солигдоогүй, дагаад амьдрал ч хэвээрээ байна. Гэтэл 20-иодхон гэр бүл эрх мэдэлд хүрч хагартлаа баяжиж, харин гурван сая ард иргэд цалин, тэтгэврийн зээлийн дарамтад байна” гэж өрийн дарамтны талаар ам нээж байжээ.
ФАКТ 11.
Эл цуглааны үеэр мөн л зарим улстөрчдийг улс төрийн салбараас шахан холдуулахыг уриалж байв. Тухайлбал, МАН-аас Сү.Батболд, Л.Энх-Амгалан, Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар, Л.Элдэв-Очир, Д.Цогтбаатар, Д.Хаянхярваа, Д.Зоригт, АН-аас Ч.Сайханбилэг, Г.Батхүү, С.Баярцогт, МҮАН-аас М.Энхсайхан нарын цөөн тооны эх ороноо гэсэн сэтгэлгүй улстөрчдийг сонгохгүй байх, холдуулахыг монголчуудад уриалсан юм.
ФАКТ 12.
Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа хятад иргэдтэй нууцаар гэрээ байгуулсан гэх. Тодруулбал, төмөр замын ТЭЗҮ-ийг хийлгэхдээ “Маккензи” компанийг тендергүйгээр сонгож, уг компанид очих ёстой ажлын хөлснөөс 2.5 сая ам.долларыг өөрийнхөө зөвлөх болох Д.Ганбатын компанид өгчээ. Мөн орон тооны бус зөвлөх Ууганбаяр нь хятадын “Эксим” банкнаас 300 сая ам.долларын зээл авах шахсан тухай сэдэв мөн л хэвлэлийн гол дуулиан болж байсан цаг саяхан.
ФАКТ 13.
А.Гансүх Зам, тээврийн сайдаар ажиллаж байхдаа “Самсунг Си энд Ти” компанид 483 сая ам.долларын, “Чингис” бондоос санхүүжих тендерийг олгохоор шийдэж байв. Дэлхийд алдартай “Самсунг”-ийн нэр барьсан хуурамч компанийн захирал, БНСУ-ын иргэн Ли Жон Гёлын өгсөн мэдүүлгүүд “Шинэ төмөр зам” төслөөс хэн, хэрхэн мөнгө завшсан хэргийг илчилж эхэлсэн бөгөөд хэрэгт тухайн үеийн Их хурлын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын хуулийн зөвлөх асан А.Гансүх нарыг сэжиглэн хоёр удаа байцаасан боловч гэм буруугаа хүлээгээгүй. Хэрэг замхарсан.
ФАКТ 14.
2016 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Баянгол зочид буудалд байрлах “Женко” группийн охин компани болох “Баялагийн хувь”, “Түмэн хишигтэн” ХХК-ийн санхүүгийн тайланд шалгалж хийсэн билээ. Ингэхдээ Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс оффисын барилгыг бүрэн бүсэлж, дотогш хүн оруулаагүй юм.
ФАКТ 15.
Цагдаагийнхан ийн хүч нэмэгдүүлсэн байдлаар ажилласан нь тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн захиалга, тушаал. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүйн тулд Х.Баттулгын оффисын өрөөг нэгжүүллээ гэж хардах хүмүүс цөөнгүй байв.
ФАКТ 16.
Нэгжлэгийн үеэр бараг л долдугаар сарын 1-ий процесс давтагдангаа алдсаныг иргэд мартаагүй байх. Цагдаа нар хамгаалалтад гарахтай зэрэгцэн жудо бөхийн тамирчид тэрдундаа олимп, дэлхийн аваргууд хар машинтай давхилдан ирж, Х.Баттулгыг цээжээрээ хамгаалах гэсэн. Тэд хамгаалж ч чадсан.
ФАКТ 17.
Ерөнхийлөгч Х.Баттулга авлига, хүнд суртал үүрлэсэн хуулийн салбарыг шинэчлэхээ амлаж байв. Тэр энэ амлалтынхаа эхний шат болгож, шүүгч, АТГ, прокурорын дарга нарыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлдөг тогтолцоотой болгосон. Зөв, бурууг дэнсэлж, шүүмжилсэн хүмүүс олон байсан ч тэрбээр энэ цохилтыг тэрбээр үл ойшоосон. Тэгвэл ҮАБЗ гэж хэн бэ. Ерөнхийлөгч энэ зөвлөлийг толгойлдог, даргалдаг. Энэ утгаараа давуу эрхтэй гэж хэлж болно. Ингэхээр гурван хүний шийдвэрээр “бус”, нэг хүний ашиг сонирхолын үүднээс дээрх албан тушаалтнуудыг сольж, халах боломжтой гэж хардах бүрэн эрхтэй болж байгаа юм.
ФАКТ 18.
ҮАБЗ-ийн зөвлөмж нэртэй өөрчлөлтийн араас Салхитын мөнгөний ордын хэргийг шийдэхтэй нэг талд үйлчилсэн хэргээр нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасан. Шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх замаар хэргийг шалгах гэсэн боловч нэг шүүгч амиа алдаж, нөгөөх нь америк руу зугтаасан. Дагаад араас нь хэд хэдэн шүүгчийн лагшин чилээрхэж, эмнэлгийн үүд сахиж байгаа гэх.
ФАКТ 19.
Ерөнхийлөгч шүүгч нарын авлигын хэрэгтэй ингэж тэмцэх зуур Улсын Дээд шүүхийн хэрэг маргаан нягтлах процесс алдагдаж, хавтаст хэргүүд овоосоор бараг хагас жилийн нүүр үзсэн юм. Харин оны төгсгөлөөр арай хийж орны шүүгч нарыг томилох зарлиг гаргаснаар асуудал бага боловч дарагдах шиг болов.
ФАКТ 20.
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насаа алдсан хэргээр үе үеийн улстөрчид хамгийн их шоудаж ирсэн. Харин Х.Баттулгын хувьд энэ сэдвээр харьцангуй бага оролдож ирсэн хүний нэг гэхэд болно. Хэрэгт буруутгагдаж, хорих ялаар шийтгүүлсэн ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн байна, тэднийг суллах ёстой гэж иргэний нийгмийнхэнээс эхлээд нэр бүхий УИХ-ын гишүүд дээр дооргүй орилолдож явах болсон. Харин энэ тал даар Ерөнхийлөгч Х.Баттулга нэг ч үг унагахгүй, амаа хамхиж байгаа нь шүүхийн шийдвэрийг хүндэтгэсэн сайн үлгэр болж байгаа юм.
ФАКТ 21.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр жүдо бөхийн хорхойтнууд. “Жүдо бол зүгээр нэг спортын төрөл биш. Жүдо нь зоригтой байх, бусад хүмүүст хүндэтгэлтэй хандах, тэвчээр гаргах, амьдралын хүндийг даах, хэцүү нөхцөл байдлаас нэр төртэйгөөр гарах зэрэг чанарыг бөх хүнд суулгаж өгдөг. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бас жүдогоор ч, самбогоор ч хичээллэдэг, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн халз тулааны мастер мөн гэдгийг мэднэ” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Путан хэлж байжээ.
ФАКТ 22.
Сайны хажуугаар саар гэдэг үг шиг дандаа бараан мэдээлэл байна гэж юу байх вэ. Ерөнхийлөгчийн гаргасан “хоржоонтой” шийдвэрүүдэд эцэс төгсгөлгүй мэт боловч бас ч үгүй сайхан шийдвэрүүд гаргасаар байна. Үүний нэг нь асрамжийн газрын хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлөх тухай түүний гаргасан шийдвэр. Өөрөөр хэлбэл, асрамжийн газраас 18 нас хүрээд гарч байгаа хүүхдүүд сурлагаараа “тэнцвэл” ҮБХИС, ХСИС, УБТЗ-ын дээд сургууль, түүний харъяа МСҮТ-д үнэ төлбөргүй сургах юм.
ФАКТ 23.
Оны зааг дээр Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийг ҮАБЗ гаргаснаа тэрбээр танилцуулсан. Эл шийдвэр олныг жинхэн утгаар нь талцуулсан гэж болно. Нэг хэсэг нь улсыг өрөнд оруулах замыг жинхэн утгаар нь заслаа гэх бол нөгөө хэсэг нь ахмадуудыг баярлуулахад юу нь буруу байх бэ, тэртэй тэргүй улстөрчид тэрбум, тэрбумаар нь иддэг шүү дээ” гэж дуугарсан. Аль нь зөв болохыг цаг хугацаа л харуулах байх.
ФАКТ 24.
Өр тэглэх хөтөлбөрт АН нэгдэж буйгаа С.Эрдэнэ дарга өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Гэхдээ хэрхэн, яаж гэдгийг мэдэхгүй гэх ухааны юм хэлсэн. Эндээс үзвэл, АН-ын сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх сонгуулийг угтаж АН-д тал зассан шийдвэр гаргаж, үүнийг нь АН-ын дарга дэмжихээ илэрхийллээ. Гэвч намын удирдлагаас “Хариуцлагаа өөрөө хүлээгээрэй” гэсэн утга хамт дайгаад амжив.
Сэтгэгдэл (110)