Монгол Улсын Ерөнхийлөгч нэр бүхий гурван хурандаад бригадын генерал олгосон явал эцэстээ хуулиа зөрчдөг, хууль сахин биелүүлдэггүй Ерөнхийлөгч гэх нэрийг зүүхэд хүргээд байна. Асуудлыг сийрүүлбэл, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар нарт бригадын генерал цол олгох зарлигийг Ерөнхийлөгч гаргаж, мөрдэс, цолыг нь өчигдөр гардуулсан билээ. Генерал мөрдэстэнгүүд гурваар нэмэгдсэн нь сайхан явдал ч гэлээ энэ үйл явдал иргэдийг тэр дундаа зэвсэгт хүчин, цагдаагийн алба хаагчдыг хооронд багагүй талцуулаад авав.
Маргааны эхлэх цэг нь Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржавт бригадын генерал цол олгосноос эхлэлтэй.
Учир нь Цагдаагийн албаны тухай хуулийн 73.1.1-т зааснаар цагдаагийн дээд цол нь цагдаагийн генерал, цагдаагийн дэслэгч генерал, цагдаагийн хошууч генерал гэж заажээ.
Тэр дундаа тус хуулийн 73.3-д цагдаагийн төв байгууллагын дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга цагдаагийн дээд цолтой байх бөгөөд нийслэлийн цагдаагийн байгууллагын дарга, цагдаагийн алба хаагч бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагын даргад цагдаагийн дээд цол олгож болно гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт, бригадын генерал С.Баатаржав нь 2017 оны аравдугаар сараас эхлэн Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоод цэргийн командлагчаар томилогдон ажиллаж байна. Ингээд тооцвол энэ үеэс Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу цагдаагийн генерал, цагдаагийн дэслэгч генерал, цагдаагийн хошууч генерал гурвын аль нэгийг хэдийн хүртсэн байх ёстой байсан гэсэн үг. Үүнийг нь мэдээж Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаад олгосон байх ёстой байсан байгаа юм. Гэтэл яагаад ч юм бэ, Ерөнхийлөгч Х.Баттулга Цагдаагийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангалгүй хоёр жил гаруй болсны дараа гэв гэнэт бригадын генерал цол олгосон нь энэ. Угтаа бол дээр хэлсэнчлэн хууль л хууль.
Хуульд цагдаагийн дээд цол нь цагдаагийн генерал, цагдаагийн дэслэгч, цагдаагийн хошууч генерал байна гэж заасан юм бол Ерөнхийлөгч эдгээрээс нэгийг нь олгох ёстой байсан.
Гэтэл Ерөнхийлөгчийн гаргасан зарлиг нь тус хуулийн хоёрын хоёр заалтыг ийнхүү зөрчсөн, эсвэл хуульд нийцэхгүй байдлаар ашигласан болж таарах гээд байна. Үүнийгээ төрийн тэргүүн мэдээгүй юү, эсвэл "Би Ерөнхийлөгч" гэдэг утгаараа том толгойлсон уу, бүү мэд.
Чухамдаа бол хөх тэнгэрийн дээр хууль оршиж, хуулийн дор төр оршдог нь үнэн.
Гэтэл улсын тэргүүн нь энэ мэтчилэн хуулиа өөрийн гараар зөрчөөд байвал хуулийг даган биелүүлэх этгээд олдоно гэж үү.
Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар буруутгагдаж байгаа этгээдийн тайлбарыг сонсох ёстой гэсэн утга бүхий заалт байдаг. Ерөнхийлөгчийн өмнөөс өөрийг нь өмөөрөх гээд үзвэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга нь Дотоодын цэргийн командлагчаар ажилладаг гэхээр бригадын цол олгоход нэг их буруудахгүй. Гэхдээ, гэхдээ шүү. Түрүүн хэлсэнчлэн хууль бол хууль. Хэн нэгэн улстөрч, эсвэл улс төрийн бүлэглэл Ерөнхийлөгчийн эл үйлдэл дээр дөрөөлж, буруу шийдвэр гаргалаа гээд Үндсэн хуулийн цэцэд хандвал “хуульд нийцэхгүй байна” гэсэн дүгнэлт гарах эрсдэл маш ойрхон. Энэ үед хэн хохирох бэ.
Яахав, Ерөнхийлөгчийн нэр хүнд жаахан унах л байх.
Хамгийн гол нь мөрөөрөө ажлаа хийгээд, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа цагдаагийн алба хаагч хохирно. Бригдын генерал цол олгосон нь хуульд нийцэхгүй үйлдэл гэдэг шийд гарвал мөрдэсээ хураалгахаас өөр замгүй. Алдаагаа засах гэж байна гээд дахиад генерал цол олголтой биш. Ийм л чөтгөрийн тойргийн эхлэлийг Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр эхлүүлчихлээ. Харамсалтай нь, энэ тойрогт нь хэн нэгэн улстөрч биш төрдөө зүтгэж яваа энгийн нэг мөрдэстөнгүүд өртөж буй нь харуусмаар.
Цаг хугацааны тооллыг эргэн нэг харваас, цагдаагийн байгууллагад цагдаагийн байгууллагыг толгойлж байхдаа “бригадын” генерал цол хүртсэн хүн С.Баатаржаваас өөр байхгүй болов уу.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (306)