Өнөөгийн парламентад сандал, ширээ эзлэн тухалж буй гишүүдийг та хэр мэдлэг, боловсрол, ёс суртахуунтай, хүн ёсны үнэт зүйлийг эрхэмлэдэг гэж та дүгнэдэг бэ. Энэ асуултад иргэн бүр өөр өөрөөр хариулах нь лавтай. Та үүнд юу ч гэж хариулж, өмөөрч бүр харааж, зүхэж, гомдоллож хариулсан ч болно. Хамгийн гол нь УИХ-ын гишүүд өөрсдийн этикээ алхам бүртээ харуулж, таниулж ирсэн нь энэ бүхний гол учиг зангилаа юм.
Тиймдээ ч парламентийн гишүүд өөрсдийнхөө мэдлэг боловсрол, ёс суртахууны хэм хэмжээний хязгаарыг долоохон хоногт бүрэн утгаар нь харууллаа. Учир юу гэвээс, авлига, албан тушаалын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж, өмнө нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хаагдсан хэргүүдийг эргэж сэргээх санкц оруулж ирэх, хүүхдийн тэтгэмжээ төлдөггүй хариуцлагагүй аав, ээжүүдийг 30 хүртэлх хугацаагаар саатуулдаг болох гээд нийгэмд хүлээлт үүсгээд буй хуулийн заалтуудыг хэлэлцэх гэтэл чуулганы танхим бүхэл бүтэн долоо хоног эзэнгүй байлаа.
Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийг арай хийж баталсан. Сонгуулийн тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэж байхад ихэнх гишүүд нь орж, гарч гүйлдэн, бусад нь амаа томоос том ангайн эвшээж суусан. Үлдсэн жаахан буюу ярих дуртай, эсвэл үнэхээр сэтгэл нь зовносон хэд нь л асуулт асууж, санал бодлоо хэлсэн болсон. Ийм байдалтай дуншиж дуншиж УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталж, үргэлжүүлээд Эрүүгийн багц хуулийг хэлэлцэх гэтэл гишүүд БОЛЖМОР шиг дэр хийгээд гарч гүйлдсэн. Хуулийн төслүүдийг хэлэлцэхээр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдааныг даргалсан боловч ийнхүү гишүүдийн ирц хүрээгүйн улмаас чуулганыг түр хугацаанд завларлуулсан.
Чуулган ингэж завсарлаад хоёр цаг гаруйн хугацаа өнгөрсөн ч ирц бас л хүрсэнгүй. Аргаа бараад чуулганы хуралдааныг энэ долоо хоногийн 26 буюу өчигдрийг хүртэл хойшлуулж, энэ долоо хоногтой залгасан. Байнгын хороо, бүлгүүд хуралдах ёстой байсан ч бас л танхимууд хов хоосон. Байдал даамжирсаар чуулган энэ сарын 26-нд буюу өчигдөр хуралдах ёстой байсан ч бас л ирц хүрээгүй.
Өнөөдөр буюу энэ сарын 27-нд энэ жилийн сүүлчийн чуулган хуралдах ёстой өдөр. Гэтэл бас л ирц хүрээгүйн улмаас чуулганы танхим хоосон л байна.
Үүний шалтгааныг зарим гишүүд хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг хэлэлцэх ёстой байсан учраас тохироо хийхээр ийн чуулганыг тасалдууллаа гэж зарим гишүүд хардаж сууна.
Дээрх хуулиудын анхны хэлэлцүүлгээр зарчмын зөрүүтэй 30 гаруй саналд санал хураах ёстой. Эдгээрийн дунд хөөн хэлэлцэх хугацаа болон хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох аргачлалыг хэлэлцэх учиртай байсан юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар, дэд дарга Л.Энх-Амгалан нар гишүүдийг хуралдаа суухыг өнгөрсөн долоо хоногийн чуулганаар нэр цохож хэлж, дуудаад бүр загнаж нэг, зандарч нэг үзсэн. Гэвч тэд үг авсангүй.
Харин ч ганц нэгээрээ гарч гүйлдсээр эцэстээ чуулган ийнхүү долоо хоногийн хугацаа алдаад байна.
Монголын парламент ийм л төрхтэй байна. Он солигдох мөч ойртож, бүтэн жилийн хугацаанд хийсэн үйлс бүхнээ албан байгууллага, хувь хүн дүгнэж суухад төрийн жолоо атгалцсан эрхмүүд ЧУУЛГАНАА ТАСАЛЧИХААД шинэ жилийн парти хэсэж, хундага тулгаж явна. Тэдэнд наргиж наадаж, тойргоо услах нь чухал юм уу, эсвэл улс орныг зөв бодлогоор зөв зам руу чиглүүлэхэд ач холбогдол өгөх нь чухал юм уу гэдгийг ангийн дарга Г.Занданшатараас асууя.
Г.Нацаг-Эрдэнэ
УИХ-ын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэх товтой байв.
/Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
•Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох тухай асуудал;
•Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•"Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц"-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
•Монгол Улсын хүний эрхийн Үндэсний коммсын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
•Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүнээс 2019.10.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
•“Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
•Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Оюундарь нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам барих төслийн явц, гүйцэтгэл, санхүүжилт, үр дүнгийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.
Сэтгэгдэл (134)