ЭШЛЭЛ 1
Орон нутгийнхан маань мэднэ. Долдугаар ангид байхад Үг сонин гэж гардаг байсан. Бидний багшийн багш гэгддэг В.Ленинг хүн төрлөхтний түүхэн дэх хамгийн аймшигт алуурчдын нэг мөн гэсэн нийтлэл гарсан. Хүүхэд байсан болохоор багшийн багшийг маань яадаг сонин бэ гээд захиалсан. Тэгэхэд тухайн үед манай сумын физикийн багш, хожим аймгийн МСДН-ын дарга байсан хүмүүс энэ хүүхэд ардчиллыг дэмждэг. Үг сонинг захиалдаг гээд дэмжиж эхэлсэн. Ер нь багаасаа ардчиллыг дэмжсэн дээ.
ЭШЛЭЛ 2.
1996 онд МСДН-ын гуравдугаар их хуралд хамгийн залуу төлөөлөгч болж оролцож байсан. Сонгинохайрхан дүүргийн АН-тай 2004 оноос холбогдсон. Намын улс төрийн ажилтнаас эхлээд газрын дарга дөрвөн жил хийсэн. Намчин гээд хэлчихэд болно. Намын үйл ажиллагааны тухай, улс оронд үүссэн бүх асуудал намтай холбоотой гэж яриад байна. Үүнийг яръя гэж бодсон юм.
ЭШЛЭЛ 3.
Хаант засаглал биш бол хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар засгийн эрхийг улс төрийн намууд, эвлэлдэн нэгдсэн хүмүүс авч явж, хөгжлийг тодорхойлно. Гэтэл өнөөдөр байгаа нам нь ёс зүйгүй байна. Уг нь хамгийн ёс зүйтэй хүмүүс байх ёстой. Ялангуяа АН-ын хувьд. Монголын нийгэм дэх гэрэл гэгээтэй бүхнийг АН түүчээлсэн.
ЭШЛЭЛ 4.
Сонгинохайрхан дүүрэгт АН-ын нөхцөл байдал маш хүнд байна. Өнгөрсөн хавраас хойш харлаа. Намайг болохгүй бүтэхгүй байна гэж чөлөөлж, хөөлөө. Ер нь хошин шогийн юм болсон. АН-ын дүрмээр дүүргийн намын даргыг ИТХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй тохиолдолд чөлөөлнө. Хүсэлтээ өөрөө гаргасан тохиолдолд. Мөн намын даргын хавсарч болохгүй албан тушаалд сонгогдсон. Эрүүл мэндийн шалтгаанаар. Үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байна гэж дүүргийн намын хорооны гишүүдийн гуравны хоёроос дээш буюу 50-аас дээш хувь нь шийдсэн тохиолдолд чөлөөлөх үндэстэй.
ЭШЛЭЛ 5.
Гэтэл АН-ын дарга С.Эрдэнэ тушаал гаргаж намайг чөлөөлсөн. М.Чинболдод сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн. Өнөөг хүртэл яг ямар сахилгын шийтгэл ногдуулсныг нь ойлгохгүй явна. 2019 оны гуравдугаар сарын 27-нд чөлөөлсөн. Тушаал нь хүртэл бөөн алдаа. Үг үсгийн алдаа нь дүүрчээ. Утгын алдаа нь бол хэцүү. М.Чинболдыг 3.9.3.2, 5.17.1, 5.21.25 дахь заалтыг үндэслэж чөлөөлсөн гэж байгаа юм. Энэ нь өөрөө их марзан.
ЭШЛЭЛ 6.
Тогтоосон татвар хураамжийг цаг тухайд төлөөгүй гэсэн байна лээ. Уг нь би цаг тухайд нь төлөөд явдаг. Намын хурлын хуралдааны үеэр даргалагчаас өгсөн сануулгыг биелүүлээгүй. Намын тамга, гишүүний батлах хадгалах хэрэглэх журмыг зохион байгуулалттай зөрчсөн гэсэн. Үндсэн дүрэм, бусад журмыг удаа дараа зөрчсөн. Намынхаа эсрэг ажилласан. Улс төрийн албан тушаалтанг томилуулахыг оролдсон гэх зэргээр. Өнөөдрийг хүртэл ажиллахдаа ийм зүйл огт хийж байсангүй.
ЭШЛЭЛ 7.
“Амьтны ферм” гэж зохиол бий. Энэхүү зохиол өнөөдөр манай намд хэрэгжиж байна. Бүх гахай тэгш эрхтэй. Ноён гахай илүү тэгш эрхтэй. С.Эрдэнэ даргад энэ нь үйлчилдэггүй. Уг нь бид хоёр бүх гишүүдээс сонгогдсон. Намаас хөөсөн гээд байгаа юм. Гэтэл хөөсөн тухай албан бичиг нь ирээгүй. Бичгээ авъя гэхээр Дүрмийн хорооны дарга нь зад загнадаг. “Чи муу, чамд өгөх ч үгүй” гэдэг. Дарханы АН-ыг олон жил үймүүлсэн Дашууд гээд байдаг даа. Тэрний Мягмардаш нь Дүрмийн хорооны даргаар ажилладаг юм. Энэ нөхөр намын хорооны хуралдаагүй байхад ийм шийдвэр гаргасан.
ЭШЛЭЛ 8.
Намайг найман жилээр хөөж гэж байсан юм билээ. Харин С.Эрдэнэ дарга хүнлэг юм уу дөрвөн жилээр хөө гэсэн тухай сонссон. Одоог хүртэл надад бичгээ өгөөгүй байна. Одоо хүртэл намын даргын суудалтай зууралдаад байгаа юм биш ээ. Харин манай үнэхээр бүтэхгүй болж байна. Сонгинохайрхан дүүрэгт гэхэд 60 орчим хүн хөөгдчихлөө. 43 гишүүнийг нь татвараа дансаар хийгээгүй гэсэн шалтгаанаар хөөсөн. Үүргээ гүйцэтгээд явж байсан үүрийн дарга нарыг надтай нэг нутаг гэсэн шалтгаанаар хөөсөн. Би Сүхбаатар аймгийн гаралтай хүн. 32 хүнээс нэг нь Сүхбаатар аймгийнх байж болно доо.
ЭШЛЭЛ 9.
Сонгинохайрхан дүүргийн намын хорооноос хөөсөн хүмүүсийн оронд өөр хүн тавъя гэхээр боловсон хүчин байхгүй. Жишээ нь, миний оронд нэг нөхрийг тавьсан байна лээ. Амлалт нэхэх хөдөлгөөний тэргүүн гээд. 2008 онд АН-ыг амлалтаа биелээгүй гээд зүхэж байсан С.Бямбацогтын баз Д.Батцогт гээд нөхөр. Дүүрэгтээ ганц ч хүн танихгүй. Доор нь С.Эрдэнийн томилсон хоёр эмэгтэй байна. Эрүүл, галзууг нь үнэхээр мэдэхгүй байна. Насанд хүрээгүй хүүхдүүдэд мэс бариулчихсан юм шиг тогтолцоотой болчихлоо. АН үг хэлэх эрх чөлөөнийхөө төлөө 1990 онд байгуулагдсан. Өнөөдөр С.Эрдэнээс айгаад хэн ч үг хэлж чадахгүй байна.
ЭШЛЭЛ 10.
С.Эрдэнэ бид хоёрт хувийн ямар нэгэн өш хонзон байхгүй. Намын дарга болоход нь дэмжээд явж байсан. Баянзүрх дүүрэг гэж ямар сайхан ялалт байгуулдаг тойрог байлаа. Гэтэл намын дарга Д.Пүрэвдавааг нь хөөгөөд явуулчихсан. Намыг нь хоёр гурав хуваачихсан. Үүнийг “Баянголжуулах” төсөл гэж манайхан ярьдаг. Одоо буцаагаад Д.Пүрэвдаваагаа авлаа гэж байна. Үнэхээр самарч чадаж байна. Чингэлтэй, Хан-Уулыг хоёр гурав хуваачихсан. Баянголын намын хорооны дарга нь өөрийнх нь хүргэн. Хан-Уулын АН-ын дэд дарга нь өөрийнх нь хүү. Ерөөсөө л ийм болчихсон.
ЭШЛЭЛ 11.
АН 30 жилийнхээ ойгоор хувьчлагдлаа. С.Эрдэнийн хувийн нам боллоо. 2020 онд ялуулахгүй байх үйл ажиллагаа явуулаад байна гэж харж байна. М.Чинболдыг халдгаараа хал л даа. Яагаад 20 гаруй хорооны даргыг халж байгаа юм.
ЭШЛЭЛ 12.
Сонгинохайрхан дүүргийг хөгжилтэй улс оронтой холбоо хэлхээтэй болгоё, оюутан солилцоо хийе гэдэг шугамаар Японы нэгэн хоттой харилцаа тогтоосон. Осака хотын консул байсан Куландаа гуйтай холбогдож байгаад холбогдсон. Хамтын харилцаатай болсон. Биднийг очиход аль төрийн байгууллагад байдаг ёсоор хүлээж авсан. Жанжин малгай өмсүүлсэн. Тэрүүхэндээ бэсрэг наадам хийсэн. Тэр үед МАН-тай хамтарч дүүрэгт засаглаж байсан. Түүнийг нь Ардын намынхан аваад тавьчихсан. Японуудад Ардын намынхан аваад тараачихана хэрэггүй гэлтэй биш.
ЭШЛЭЛ 13.
Японы виз гарахаар асуудал гардаг юм байна. Тухайн манай Тамгын газрын даргаар Ардын намын хүн ажиллаж байсан. Тэр дарга Японы Элчин рүү бичиг явуулсны хүрээнд шийдсэн асуудал. АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгасан. Улмаар төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан гэх гомдол мэдээлэл нь үндэслэлгүй байна гэж үзсэн. Үүнийг би өөрөө АТГ-т хүсэлт гаргаж шалгуулсан. Хоёр талаасаа л нүдүүлсэн дээ. Яаж ч бодсон эхнэрийнхээ зардлыг дүүргээс гаргуулах ёс зүйгүй хүн би биш ээ.
ЭШЛЭЛ 14.
Өнгөрсөн жилүүдэд АН-ын ҮЗХ-ны татварын хэмжээ сая төгрөг байсан. Үүнийгээ үйл ажиллагаандаа зарцуулаад явдаг байлаа. Жилдээ сая төгрөгийн татвар төлдөг байсан юм. Гэтэл 2017 оноос хойш татварын хэмжээ асар их нэмэгдсэн. С.Эрдэнэ дарга 180 мянган гишүүнээс сонгогдсон гэдэг. Үүнийг 1200 төгрөгөөр бодоход ойролцоогоор 216 сая болж байгаа юм. Намын даргын сунгаанд таван хүн өрсөлдсөн. Тус бүртээ 250 сая төгрөгийг намын дансанд хийсэн гэж бодохоор 1.25 тэрбум болно. Нийслэлийн намын дарга хоёр хүн өрсөлдсөн. Нэг нь 90 сая гэхээр 180 сая. Дүүргийн намын дарга нар 20 сая. Зургаан дүүрэгт хоёр, зарим нь гурав байсан гэхээр дунджаар 240 сая. Багахангай, Багануур, Налайх алслагдсан гэдэг утгаараа 10 сая төгрөгийн хураамж авсан. Үндэсний бодлогын хорооны гишүүд гэж байгаа. 200 орчим байсныг 427 болгоод хүн болгоноос жилийнх нь гурван сая болсон. Үүнийг тав гэж үзсэн. Яагаад гэхээр сонгуулийн хураамж гэж гурван саяыг өгдөг. Татварыг нь нэмэхээр ҮБХ-нд орохын тулд нийт зургаан саяыг өгнө гэсэн үг. Ойролцоогоор 10 тэрбум төгрөг болж байгаа юм.
ЭШЛЭЛ 15.
2017-2019 оныг хүртэл Сонгинохайрхан дүүргийн намын хорооны даргыг хоёр жил хийсэн. Төв намд ийм их хэмжээний мөнгө цуглачихаад яаж зарцуулдгийг нь үнэндээ ойлгоогүй. С.Эрдэнэ дарга “Монголоо сонсоё”, “Хөгжил, шинэчлэл” гэж хоёр аян хийсэн. Хоёрдугаар сарын 1-нд жагсаал хийсэн. Бүсийн чуулган гээд өргөн хэмжээний архидалт хийдэг юм. Баян-Өлгийн Толбо нуурт хийхэд нь очиж л байсан. Сургалт гэж хэлэхэд ичмээр. Тэгээд л өргөн хэмжээний архидалт болдог. Зардлыг нь төв намаас гаргахгүй. Нэг дүүргээс 100 орчим хүн гээд ойлгочих. 600-700 гаруй хүн хоёр, гурван хоног архидана.
ЭШЛЭЛ 16.
Хоёрдугаарт, дарга “Монголоо сонсоё”, “Хөгжил, шинэчлэл” гэж хоёр аян хийсэн. Хоёрдугаар сарын 1-нд зохион байгуулсан жагсаалын бүх санхүүжилтийг дунд шатны байгууллага өөрсдөө гаргасан. Энэ олон тэрбум төгрөг хаашаа ордог юм. Тайлан гэж тавихгүй. Ганц нэг санал хэлэхээр зад загнуулна. Бүгдээрээ гөлөг болно. Гөлөг гэдэг үгийг би С.Эрдэнэ даргаас сурсан. Ийм л юм болоод байна.
ЭШЛЭЛ 17.
Хоёрдугаар сарын 1-нд зохион байгуулсан жагсаалд оролцогчдод мөнгө өгөөгүй. Намайг хөөж явуулсны дараа жагсаал зохион байгуулахдаа тодорхой хэмжээний мөнгө өгсөн гэж сонсогдсон. Бүсийн чуулган хийж байгаа нөхдүүд зардлаа өөрөө хариуцаад явдаг. АН-ыг би мэднэ ээ. Ц.Элбэгдорж, Н.Алтанхуягийн үед арай ч ийм байгаагүй. Намын удирдлагаа шүүмжилж, нийгэмд сайн сайхныг уриалдаг байлаа. Гэхдээ Ардчилсан намаа муулахгүй ээ. Намын даргаасаа болоод АН дууслаа. Намын рейтинг нь МАН-аас илүү байсан. Гэтэл өнөөдөр “60 тэрбум”, ЖДҮ-д ороогдсон МАН-аас доогуур байна.
ЭШЛЭЛ 18.
Энэ хүн есхөн хүн удирдаж чадахгүй байна шдээ. Бүлэг байсныг нь хөөж явуулаад тараачихсан. Одоо зөвлөл гээд марзан юм байна. Есхөн хүн зангидаж чадахгүй байж яаж улс эх орныг удирдах юм. С.Эрдэнэ дарга хамгийн муу улстөрчдийн жагсаалтыг итгэл төгс тэргүүлж байна. Сүүлийн хэдэн сар. Ардын намыг хар. Тэд юу хийж байгаа юм бэ. АН-ын хажууд попорч байна. Хулгайчдын нэгдэл. Гэтэл манай намынх яагаад өсөхгүй байгаа юм. У.Хүрэлсүхийн рейтинг нь өсөөд байдаг. Манай хүнийх байхгүй.
ЭШЛЭЛ 19.
С.Эрдэнэ даргад хандаж хэлэхэд олон жил хамтарч ирсэн нөхдүүд, гишүүдээ бодоод албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөч ээ гэж хэлмээр байна. Үнэндээ болохгүй байна.
ЭШЛЭЛ 20.
Намайг хөөгөөд явуулчихсан болохоор сайн хэлж мэдэхгүй байна. 30 жилийн ойн баярын арга хэмжээнд очсон хүмүүс хэлж байна лээ. Хүний ажил явдал дээр оччихсон юм шиг гундуухан хүмүүс байна лээ гэж. Аргагүй шүү дээ. Ц.Элбэгдорж нь байхгүй. Э.Бат-Үүл нь байхгүй. Оюун санааны чиглүүлэгч болдог Баабар нь байхгүй. Н.Алтанхуяг, С.Баярцогт, Ч.Сайхбилэг нь байхгүй. Энэ хүмүүс ичээд ирэхгүй байна шүү дээ. Ардчиллыг түүчээлэн манлайлж байсан хүмүүс.
ЭШЛЭЛ 21.
Манай намын лидерүүд болох Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс сонгуулийн дэнчингийн мөнгийг эсэргүүцэж байгаа. 100 сая төгрөг өгчихөөд, дээрээс нь сонгуулийн зардал гэж гаргасан мөнгөө хаанаас яаж олж авах юм. Хулгай хийж л олж авна. 60 тэрбум цаашаа болох юм биш үү. Өнгөрсөн 2016 онд намайг нэр дэвшиж байхад З.Энхболд намын дарга байсан. Бараг мөнгө аваад хэрэггүй. Тойрогтоо зарцуулсан нь дээр гэж байсан. Гэтэл 10 тэрбумыг нь цуглуулчихсан. Одоо 100 саяыг авах гээд байдаг. Энэ их мөнгөөр яах гэж байгаа юм.
ЭШЛЭЛ 22.
“Их тамир” гээд С.Эрдэнэ даргын амралт байдаг. Тэнд намтай холбоотой арга хэмжээ зохион байгуулдаг. Аливаа үйл ажиллагаа болонгуут тэнд болно гэдэг. Намын гишүүдийн мөнгө тийшээ ордог байх. Миний оронд тавьсан хүмүүс 1000 гишүүний сургалт зохион байгуулсан юм билээ. Нэг гишүүний зардал нь 60 мянган төгрөг гэхээр 60 сая төгрөг тэр амралтын газар руу орсон байх жишээтэй. Намын мөнгөнөөс ч тийшээ орсон баримт бий.
ЭШЛЭЛ 23.
Н.Алтанхуяг даргын хэлдгээр дахин хэлэхэд намайг АН-аас хөөнө ч гэж юу байх вэ, хөөгдөнө ч гэж юу байх вэ. Энэ хүмүүс зайлах байлгүй дээ. Миний итгэл үнэмшил өөрчлөгдөхгүй. Тэднийг зайлтал тэмцэнэ ээ. Болохгүй бүх юм С.Эрдэнэ гэдэг хүнд байна. Олон сайхан залуус байна. Түүнийг нь С.Эрдэнэ рейтингээрээ татаж унагаад байна. АН-ын гишүүдийн дунд авсан судалгаагаар залуучуудынх нь рейтинг С.Эрдэнээс дээр байвал яах уу?. Тэгээд ойлго доо. Тийм судалгаа байна.
ЭШЛЭЛ 24.
АН-аас хүмүүс ичиж, зугтаж байгаа нь намын буруу биш. Ганцхан С.Эрдэнийн буруу. Өөрийгөө атман гээд бодчихсон. Наймдугаар ангийн хүүхэд байж тав, гуравдугаар ангийн хүүхдийг зодоод яваатай адилхан дунд шатны намуудыг самраад л. Н.Алтанхуяг даргыг намаасаа хөөсөн гэдэг ч над шиг тушаал нь очоогүй байдаг. С.Эрдэнэ намын даргын ажлаа өгчих байлгүй дээ. Ер нь намын гишүүддээ хандаж хэлэхэд С.Эрдэнэ даргыг огцруулахын төлөө бүгдээрээ хамтраад тэмцье гэж хэлмээр байна.
Сэтгэгдэл (36)