Энэ цагийн эрэмгий дайчин гэдгээ зарлаад байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сэлэмний үзүүрт УИХ-ын залуу гишүүдийн нэг, Монголын олигарх баячуудын нэг, бүр цаашилбал аархуу, сагсуу гэдгээрээ Их хуралд алдартай нэгэн гишүүний “толгой” өртөх үү, эс өртөх үү гэдэг цаг хугацааны асуудал болоод байсан билээ. Г.Батхүү агсны амь насаа алдсан хэргийн талаар худал мэдүүлэг өгсөн гэж хэдэнтээ хэл аманд орсон Н.Номтойбаяр сайдын ширээнд тухалж байхуй тэр цаг дор 27 аж ахуйн нэгжид сангийн олон тэрбум төгрөгийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр олгосон гэх хэрэгт холбогдоод буй. АТГ-аас шалгаж байгаа эл хэргийн хүрээнд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийн хаалгаар босго давуулах сураг дуулдсан. Шуум тарахтай зэрэгцэн шударга бусын гэх энэ хаалгаар орж үзэхийг ихэд хүсэмжилж буйгаа эрхэм гишүүн сэтгүүлчдийн өмнө ам бардаж хэлсэн. Харамсалтай нь, Н.Номтойбаяр гишүүн чин сэтгэлийн угаас хүссэн энэ мөрөөдөл нь энэ удаа даанч биелэлээ олохгүй нь бололтой.
Учир нь дээрх мэдээлэл бүрэн нотлогдоогүй байхад тэрбээр “Мэдээлэл надад ирээгүй, харин ч хурдан ирээсэй. Асуудал орж ирвэл чуулганаар нээлттэй хэлэлцэх ёстой. Учир нь нүүрээ нуусан гишүүд ямар ч кноп дарж мэднэ. Тиймээс хэн намайг Их хурлаас “хөөх” хүсэлтэй байгааг мэдмээр байна" гэх ухааны зүйл мэдэгдсэн.
Түүнийг ингэж хэлсэн даруйд УИХ-ын гишүүд чуулганы танхимыг орхин одож, чуулганыг тодорхой хугацаагүйгээр завсарлуулсан.
Гэтэл чуулганаар шүүн таслах ажиллагааны амин сүнс болсон Эрүү болон Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл түүнчлэн хэргийн хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг хэлэлцэх байв. Ийм хуулийн төслийг хэлэлцэхээс айсан гишүүд чуулганаас зугтсан даруйд АТГ-аас дээрх хэргийг прокурорт шилжүүлсэн бололтой юм. Үүнтэй зэрэгцээд Н.Номтойбаяр гишүүн ангийн найзуудтайгаа тохироо хийсэн сураг дуулдав. Тохирооны агуулга нь тодорхой. Эсрэг кноп дарахгүй байх, ирэх сонгуульд ямар нэг байдлаар хамтарч ажиллах энэ тэр гээд.
Н.Номтойбаяр гишүүн ангийн нөхдөө ийн найрсан тухай сураг дуулдахтай зэрэгцэн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг прокуророос буцаах сураг дуулдав. Улсын Ерөнхий прокурор ийм шийдвэр гаргаж, асуудлыг АТГ руу буцаавал олны хэл аманд орох нь дамжиггүй. Гэсэн атлаа яагаад ийм шийдвэр гаргахаар зэхсэн нь их учиртай.
Асуудлын гол нь Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан ЖДҮХС-тай нэр холбогдсон нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-ын чуулганаар оруулсныг хэн хүнгүй санаж буй байх.
Энэ 2019 оны хамгийн том дуулианы нэгээр зүй ёсоор тооцогдох эл хэргээр МАН-ынхан нэгэндээ ямар их хайртайг баталсан. Энэ их хайрынх нь буянаар ЖДҮХС-гаас зээл авсан Их хурлын гишүүд хэргээс сугарч үлдсэн бол Ерөнхий прокурор суудлаасаа ховхорсон юм.
Өмнөх гашуун түүхийг давтахгүйн тулд УИХ-ын гишүүдийг шалгаж, хуулийн хаалгаар оруулъя гэвэл хөдлөшгүй баримт, нотолгоо бас нэлээд том артай байх ёстой гэсэн шалгуурыг хуульчид хангах ёстой болов. Энэ ч утгаараа Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан МАН-ынхан Н.Номтойбаярыг ангиасаа “хөөхгүй” гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тиймдээ ч асуудлыг АТГ руу буцаах гэж буй бололтой юм.
Нөгөө талаасаа ийм шийдвэрийг төрийн гурван өндөрлөгөөс гаргасан гэх мэдээлэл байна.
Нууцын зэрэглэлтэй уг хэргийг ингэж шийдснээр Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өөр дээрээ гал дуудах ч "шалгалаа, барилаа, хорилоо, суллалаа" гэх тогтсон ойлголтыг эвдэх гэсэн чин хүсэл цаана нь нуугдаж буйг багатугай ойлгох нь зүйтэй болов уу.
Тиймээс Н.Номтойбаярын хуулийн хаалгаар орж үзэх хүслийг биелүүлэхийн тулд АТГ-ынхан илүү их нотолгоо, баримт цуглуулах ёстой болж таарах нь. Тэгж байж л амь нэгтэй МАН-ынханыг дотор нь хагалан бутаргах боломжтой болно. Дагаад эд хөрөнгө, эрх мэдэлдээ аархсан гишүүдийн үйлдлийг хазаарлах боломжтой болох биз ээ.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (2493)