Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хурлаа хийж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын зах зээлд арилжаалах асуудлаар тайлбар өгсөн юм. Тэрбээр “Анхны юм гэдэг тэр болгон санаснаар яваад байдаггүй юм байна. Бид бэлтгэл ажлыг нэлээд өндөр хэмжээнд зохион байгуулж байгаа. Санхүүгийн, хуулийн, техникийн, маркетингийн зөвлөх гээд бүх зөвлөхөө сонгочихсон. Бүгд гэрээгээ байгуулаад, үйл ажиллагаандаа орчихсон, хугацаатай үүрэг даалгавар аваад ажиллаж байна.
Сонгосон гурван банк буюу гол чирэгч болон толгойлж орох нь Америкийн “MERRILL LYNCH”, “CREDIT SUISSE”, Японы “NOMURA” банкуудын үйл ажиллагаа идэвхжээд явж байгаа. IPO-той холбогдуулаад хэлэхэд бүх ажил гэрээний дагуу, биржийн шалгуурыг хангаад явж байгаа учраас биржийн дүрэм журмыг зөрчсөн, хальсан асуудлыг ярих нь тохиромжгүй. Энэ нь анхааруулах шар гэрэл асахад хүргэнэ. Тиймээс санхүүгийн зөвлөхтэйгөө ярилцаад мэдээлэл өгөөд явна. Түүнээс биш нууж, хаагаагүй гэдгийг хэлмээр байна. Анх удаагийн IPO хийж байгаа туршлага дээрээ үндэслээд бид дараа нь Эрдэнэтийг, Монросцветметийг ч юм уу хөрөнгийн бирж дээр гаргах ёстой” гэлээ.
Мөн тэрбээр “Өнөөдөр 26,000 төгрөг өгөх үү эсвэл тодорхой хугацааны дараа төмөр замаа тавиад, баяжуулах, коксжуулах үйлдвэрээ барьчихаад, нэмүү өртөг шингээгч болчихсон олон улсад цар хүрээгээ таниулж, үнэлгээгээ тогтоочихоод ногдол ашиг хуваарилах уу гэдэг дээр Засгийн газрын бодлого явж байна.
Улс төр хийж байгаа хүмүүсийг ойлгож байна. Хувьцааны үнэ цэнийг өсгөх, компанийн үнэлгээг тогтоох ажлыг хийж байгаа энэ үед буруу юмаар битгий улстөр хийгээрэй. Ногдол ашгийг хуваарилах эсэхийг ЭТТ компанийн ТУЗ дээр шийдчихсэн. Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй мэргэжлийн байгууллага, компани өөрсдөө шийдээд явж байгаа.
Ногдол ашгийг хэдийд хуваарилах вэ гэдэг нь тактикийн асуудал. Дээрээс нь үнэ цэнэтэйгээ уялдуулах ёстой хэмээн салбарын сайдын хувьд үзэж байна” гэсэн хариу өгсөн юм.
С.Сүлд
Сэтгэгдэл (19)