Шинэ жилийн баярын хүрээнд хийсэн шалгалтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.
Шинэ жилийн баяртай холбоотойгоор нийслэлийн 330 аж ахуйн нэгж, томоохон худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний ресторан, эвэнт холлууд, мах, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд НМХГ-аас хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар 532 зөрчил илрүүлсэн байна. Мөн Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй гурилан бүтээгдэхүүний үйлдвэр нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй тул үйл ажиллагааг нь зогсоожээ. Шалгалтын хүрээнд таван аж ахуй нэгж, 12 иргэнд нийт 11 сая 400 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.
Мөн “Оргил” сүлжээ дэлгүүр, “Алтан гадас трейд”, “Тэнгэр трейд” хариуцлагатай хувьцаат компанийн сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж байсан хаяг шошгын зөрчилтэй 17 нэр төрлийн буюу 1.2 сая гаруй төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг буцаан татжээ.
“Жүр-Үр” хариуцлагатай хувьцаат компанийн 118 ширхэг тортыг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй гэх шалтгаанаар устгуулсан байна.
Шалгалтын явцад 127 бүтээгдэхүүнээс дээж авч шинжилжээ. Шинжилгээгээр цөөнгүй бүтээгдэхүүн чанарын шаардлага хангаагүй байна. Тухайлбал, Төв аймгийн “Морьт хангай” компанийн үйлдвэрлэсэн “Морьтон” архи дахь найрлага стандарт хэмжээнээс хэтэрсэн тул зах зээлээс татсан байна.
Мах боловсруулах үйлдвэрүүдийн хувьд хугацаа нь дууссан хиам, зайдсыг нохой, гахайны хоолны зориулалтаар аж ахуйн нэгжүүдэд худалдаалдаг, түүнийг нь иргэд хүнсэндээ хэрэглэж байсан тохиолдол илэрсэн байна. Үүнд Зөрчлийн тухай хуулиар хэрэг нээн шалгаж байгаа гэнэ.
Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, дүүргийн гэр хорооллын дэлгүүрүүдэд худалдаалж байсан “Мөнхжин-Од” компанийн үйлдвэр нь “Хандгай”, “39” зэрэг стандартад нийцэхгүй архи худалдаалж байсныг илрүүлсэн байна. Энэ хүрээнд 102 шил буюу 518 мянган төгрөгийн архийг устгажээ. “Мөнхжин-Од” кампанийн тусгай зөвшөөрөл өнгөрсөн оны дөрөвдүгээр сард дууссан байтал үйл ажиллагаа явуулсан байсан байна.
Шинэ жилийн баяр болох гэж буйг тохиолдуулан НМХГ-аас дараах зүйлийг анхаарууллаа. Үүнд:
-Хүүхдэд бэлэг сонгохдоо хаяг шошгыг нь анхаарч, бэлгэд багтаж буй бүтээгдэхүүний гарал үүсэл, үйлдвэрлэсэн он сарыг нь сайн харж сонголтоо хийхийг анхааруулав.
-Мөн түргэн гэмтдэг бүтээгдэхүүн буюу баярын торт сонгох үйлдвэрлэсэн он сар, орц найрлага, хадгалалтын горим зэргийг нь анзаарахыг анхаарууллаа.
С.Сүлд