Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сард гарсан нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 11 сард ажилгүй 76.9 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 22.5 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 58.2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 4.8 мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 3.4 мянган хүнээр буурсан бол ажилд зуучлагдан орсон иргэд 1.1 мянган хүнээр өссөн байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 2019 оны арваннэгдүгээр сарын эцэст 50.4 хувийг бүрэн дунд, 28.3 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.2 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.9 хувийг суурь, 4.6 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.2 хувийг бага, 1.4 хувийг боловсролгүй, нэг хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны гуравдугаар улиралд нийт 41.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага(ААНБ)-ын 685.4 мянган ажиллагчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.9 мянгаар, өмнөх улирлаас 47-оор өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 34.3 мянгаар, өмнөх улирлаас 9.4 мянгаар тус тус нэмэгджээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын 67.7 мянга нь 320000 төгрөг хүртэлх цалинтай, 93.1 мянга нь 320001-500000 төгрөгийн цалинтай, 209.7 мянга нь 500001-900000 төгрөгийн цалинтай, 150.8 мянга нь 900001-1300000 төгрөгийн цалинтай, 41.6 мянга нь 1300001-1500000 төгрөгийн цалинтай, 122.5 мянга нь 1500001 төгрөгөөс дээш цалинтай байна. Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 320000 төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 0.3 мянгаар, 320001-500000 төгрөгийн цалинтай ажиллагчид 3.9 мянгаар, 500001-700000 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 0.8 мянгаар, 900001-1300000 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 2.0 мянгаар, 1500001 төгрөг ба түүнээс дээш цалинтай ажиллагчид 3.0 мянгаар нэмэгдсэн бол 700001-900000 төгрөгийн цалинтай ажиллагчид 0.2 мянгаар, 1300001-1500000 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 0.5 мянгаар буурчээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)