Охиноо алдсан иргэн Эрүүл мэндийн яамны гадна мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрүүл мэндийн салбарынхан үйлчлүүлэгчтэйгээ хэрхэн харьцдаг, шударга бус явдал бугшсан талаар би баримт, нотолгоо дэлгэхийг хүслээ. Миний охин Б.Түмэнжаргал “Идэр” дээд сургуулийг 2011 онд төгсөөд Мобикомд ажилд орсон. Гэтэл 2013 оноос эхлэн биеэр нь юм туурсан учир эмнэлгийн тусламж авсан. Наймдугаар сард хэвтэн эмчүүлээд гарсан. Гэтэл эмнэлгээс гарснаас хойш гурав хонолгүй өвчин нь дахин сэдэрсэн учир Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтсэн. Хэвтсний дараа 4-85 хоног шинжилгээ хийж, эмчилгээ хийсэн. Гэтэл охины маань биеийн байдал улам муудсан. Ээж нь охиноо сахидаг байсан. Би эмчлэгч эмч Анхбаярын өрөөнд 16.00 цагийн үед орж уулзахад “Шинжилгээ авч байгаа” гээд охиныг минь үзээгүй. Энэ үед охины минь улам муудсаар байсан. Орой 20.00 цагийн үед жижүүр эмч Даваадалай орж ирж үзээд “Танай охин зүгээр. Залуу хүн алзахгүй” гэж хэлээд 00.00 цагийн үед дахин үзсэн.
Гэтэл 04.00 цагийн үед охины бие улам муудсан.
Эмчийг хайтал өрөө нь цоожтой, сувилагч буйдан дээр унтаж байсан. Энэ үед миний охин шээх гээд 3-4 удаа боссон. Гэтэл шээж чадаагүй. Өглөө 08.00 цагийн үед жижүүр эмч орж ирэхээр нь хэлсэн. Сувилагч цус авах гэтэл маш өтгөн цус гарсан. Цус өтгөн байсан учраас хоёр удаа цус авсан. Тариагаа андуурч хийсэн юм билээ. Би сүүлд мэдсэн. Мэргэжлийн хяналтад хандсан. Байцаагч ирээд эмч нартай хуйвалдаж, өвчний түүхийг өөрчилж, системийн өвчин гэж өөрчилсөн. Цагдаад хандсан. Гэтэл бас дорвитой шалгаагүй. Үүнээс болж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хаах гэж байна. Миний охин Улсын нэгдүгээр эмнэлэгт нас барсан. Гэтэл ХӨСҮТ-д нас барсан мэтээр бичсэн байна лээ. Жирийн иргэнд эмнэлгийн байгууллага ингэж үйлчилдэг юм байна. Хууль хяналтын байгууллага нь үнэнийг хайхын оронд нэгнийгээ хайцаалдаг юм байна” гэлээ.
Сэтгэгдэл (7)