Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг яаралтай суллах шаардлагыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд болон төрийн бус байгууллагын төлөөллийнхөн өнөөдөр гаргалаа. Тодруулбал, Олон улсын парламентийн холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэр болон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийн хариуг Улсын Ерөнхий прокуророос шаардсан юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан “Олон улсын Парламентийн холбоо, Монголын Хүний эрхийн үндэсний комисс, УИХ-ийн дэргэд байгуулагдсан Түр хорооноос Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, ял тулгасан гэдгийг тогтоосныг баталсан дүгнэлтээ гаргасан. Эдгээр иргэдийг эрүүдэн шүүсэн хэргийг харж, анзаарч судлалгүйгээр гурван шатны шүүхээс шийдвэр гаргасан. Энэ бол шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарна. Мөрдөн байцаагч, прокурорын хууль бус ажиллагаанаас болж Монгол Улсын иргэд хэлмэгдэж, ял авсан тохиолдолд шинээр илэрсэн нөхцөл байдал хамааруулж, хэргийг сэргээж, дахин шалгадаг. Хоёр дахь том шалтгаан нь Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан. “Би энэ хоёр хүнийг гүтгэсэн юм. Надад мөнгө амалсан учраас гүтгэсэн” гэдгээ захидалдаа дурдсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд холбогдох хүмүүст энэ захидлаа хүргүүлсэн. Энэ бол шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарна. Улсын Дээд шүүхийн бүх шүүгчдийн хуралдаан болох ёстой. Прокурорын дүгнэлтийн дагуу шүү. Гурав дахь шалтгаан нь хуулийг буруу хэрэглэсэн. Олон Улсын парламент болон бусад байгууллагаас гаргасан дүгнэлт нь дөрөв дэх шалтгаан болно. Тиймээс эдгээр үндэслэлийн дагуу Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах ёстой. Монголын төрөөс хулгай хийсэн экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, сайд асан Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай нарыг гадагшаа зугтаалгасан. Тэд далайн эрэг дээр амарч байна. Ардын хүүхдүүд болохоор хилс хэргээр шоронд тарчилж байна. Ингэж ялгавартай хандаж болохгүй.
Тэднийг суллах шаардлагыг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан болон орлогч прокурорт хүргүүллээ. Тэднийг суллах ёстой. Суллахгүй бол ШИНЭ намыхан буюу Ж.Батзандан, Л.Болд бид хоёр ард түмэнтэйгээ хамт гудамжинд гарна. Үүнийг амалж байна. Суллахгүй бол бүх нийтийн жагсаал хийнэ” гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Болд “Та бүхэн өөрсдөө төсөөлөөд үз. Өөрийн тань эхнэр, нөхөр, ах дүү, аав, ээж чинь хилс хэргээр дөрвөн жил хоригдвол та бүхэнд ямар санагдах бэ. Тиймээс тэднийг суллах ёстой” гэлээ.
Харин Т.Чимгээгийн гэр бүлийнхэн “Тэднийг гэмт хэрэг үйлдээгүй болох нь олон баримтаар нотлогдож байна. Гэтэл суллахгүй байна. Улсын ерөнхий прокурорын орлогч Алминцэцэг эмэгтэй хүн л юм бол энэ асуудалд анхаарлаа хандуулах ёстой. Т.Чимгээг амьд дээр нь үр хүүхдүүдтэй нь уулзуулаад өгөөч” гэсэн бол ХЭҮК-оос “Хоёр хүний биеийн байдал хүнд байна лээ. Бид өнгөрсөн долоо хоногт очсон. Сэтгэл санаагаар унасан байна лээ. Б.Булганы өмгөөлөгч гомдол гаргасан. Гомдолд эрүүдэн шүүж ял тулгасан. Нотлох баримт хангалтгүй гэдгийг дурдсан байна лээ” гэсэн юм.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (45)