Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Намайг ХНХ-ын сайдаар томилогдоход Капитал банканд нийгмийн даатгалын сангийн 228.1 тэрбум төгрөг байршуулсан байсан. Харин би ажлаа авснаасаа хойш нэг ч төгрөг нэмж байршуулаагүй.
Намайг ХНХ-ын сайдаар томилогдож ирсний дараагаар 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Капитал банкинд байсан 79.0 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээний хугацаа дуусчихсан байсан.
Бид гэрээг цааш нь сунгахгүй гэдгээ илэрхийлээд 79 тэрбум төгрөгөө авах хүсэлт тавихад банкны санхүүгийн байдал тааруу хэмээн мөнгө гаргаж өгөөгүй. Тиймээс Нийгмийн бодлогын байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу гэрээг есөн сараар сунгасан.
Өр барагдуулах явц удаан байна. Монголбанкны Ерөнхийлөгчтэй өчигдөр уулзсан. Ингэхэд үндсэн хөрөнгийг барьцаалж, нийгмийн даатгалын сангийн өрийг барагдуулах хувилбарын талаар ярилцсан. Нэг асуудал үүсээд байгаа нь Капитал банкны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Тиймээс үндсэн хөрөнгүүдийг хөдөлгөх боломжгүй болоод байгаа.
Хэрвээ үндсэн хөрөнгөөс өр барагдуулахаар болбол зах зээлийн үнэлгээ, чанарыг сайтар тодорхойлох шаардлагатай.
Капитал банканд Нийгмийн даатгалын сангийн 105 тэрбум төгрөг бий. Цаашид нийгмийн даатгалын сангийн мөнгийг Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах байдлаар арвижуулах чиглэлээр ажиллах шийдэлд хүрээд байна. Ингэвэл хүү нь тодорхой хэмжээгээр буурахаар байгаа. Гэхдээ хүүгийн орлогын хойноос хөөцөлдөх биш, сангийн мөнгө эрсдэлгүй байх ёстой" гэв.
Б.Жаргал