АН-ын Шинэчлэлийн залуус, аймаг дүүргийн АН-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар Ардчилсан намын шинэчилсэн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв “Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа батлахдаа хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулна, хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байна гэж тунхагласан ч мөнгөтэй хүнд үйлчилдэг нэг хууль, шүүхтэй. Жирийн иргэдэд үйлчилдэг бас өөр хууль, шүүхтэй болсон. Үндсэн хуулиар Монголын байгалийн баялаг нийт ард түмний мэдэлд байна гэж заасан ч цөөн олигарх, нам дамжсан эрх мэдэлтнүүдийн гарт орсон. Байгалийн баялгийн тэгш хуваарилалт алдагдсаны улмаас Монголын ард түмний хэсэгхэн хувь нь хэт баяжиж, ихэнх нь ядуурлаа. Тэд өрнөөс өрний хооронд амьдарч байна. Энэ нь АН-ын хүсэж байсан, намынхаа дүрмэнд тунхагласан нийгэм биш. Өнгөрсөн хугацаанд намын удирдлагад гарсан зарим улстөрчид бохирдсон, авлигалд автсан. Улс төрийн намаар дамжин төрийн эрх мэдэлд хүрээд зөвхөн өөрсдийн явцуу эрх ашгийг хангасаар ирлээ. Тиймээс АН өөрчлөлт шинэчлэлт хийх цаг нь болсон гэж үзэж байна.
С.Эрдэнэ намын дарга болсноосоо хойш АН-ыг бүлэггүй болгосон. Зөвхөн МАНАН бүлэглэлийг хамгаалах эрх ашгийнхаа төлөө шүү дээ. Дараа нь АН-ыг хоёр хуваасан. Цаашид хэд ч хувааж мэднэ. Цөөн олигархад үйлчилж ард түмнээсээ өдрөөс өдөрт холдож буй бохирдсон удирдлагаасаа АН яаралтай салах цаг нь болсон учраас намын гишүүд нэгдэж, үзэл бодлоо илэрхийлж байна. Бид 2015 оноос хойш намыг шинэчлэхээр тэмцэж байна. Бидний заримыг нь дарамталж хуулийн байгууллагад өгдөг. Тэглээ бид мохохгүй. Зөв зүйлийг хийж байгаа гэдэгт итгэлтэй байна. МАНАН бүлэглэлийн гар хөл болсон хүмүүсийг Монголын төрд дахин алхуулахгүй байх ёстой. С.Эрдэнэ дахин ямар ч аргаар хамаагүй намыг атгаж байгаа УИХ-ын гишүүнээр үлдэх сонирхолтой байна.
Мөн С.Эрдэнэ УИХ-д нэр дэвших сонирхлоо илэрхийлэхийн тулд 100 сая төгрөг төл гэсэн байна. Энэ бол намын дүрмэд байдаггүй асуудал. Түүнчлэн Улс төрийн намын тухай хууль зөрчсөн асуудал юм. Яг ийм үйлдэл 2016 онд МАН гаргаж байсан шүү дээ. 100 сая төгрөгийг төлж Их Хуралд орсон хүн нэг тэрбум төгрөг болгож авдаг. Үүнийг засах ёстой. Бид АН-ын үнэт зүйлийг хүндэлдэг, намдаа хайртай. Гэхдээ эх орондоо бүр ч илүү хайртай. Тиймээс Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баяраас өмнө С.Эрдэнийг арваннэгдүгээр сарын 29-нй дотор өөрийн хүсэлтээ өг гэсэн шаардлагыг тавьж байна. Үгүй бол бид АН-аа шинээр зохион байгуулна” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (21)