ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдыг 326 сая төгрөгөөр хохироосон талаар “Эм Эс Пи Ди” ХХК-ийн өмгөөлөгч Т.Бат-Эрдэнэ олон нийтэд мэдээллээ.
Энэ талаар тэрбээр “ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийн хүү Б.Жавхлантөгс 2014 оны есдүгээр сарын 23-ны өдөр “Эм Эс Пи Ди” компанитай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус компанийн барьсан “Номун виллаж” хотхоны дөрвөн өрөө орон сууыг худалдан авахаар болсон юм. Ингээр гэрээ байгуулж, ямар ч төлбөр төлөлгүйгээр шинэ байр руу нүүж орсон байдаг. Тус байр нь 106.5 мкв талбайтай 298 сая төгрөгийн үнэтэй бөгөөд мөн 28 сая төгрөгийн үнэ бүхий автомашины дулаан зогсоолыг худалдан авахаар болсон. Гэтэл Б.Жавхлантөгсөөс “Эм Эс Пи Ди” компанийн дансанд нэг ч төгрөг орж ирээгүй. Гэрээний үүргээр хүлээсэн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж явсаар 2018 оны нэгдүгээр сар хүрсэн. Үүнээс хойш байр чөлөөлж өгөхийг шаардсан ч гараагүй.
Улмаар Б.Жавхлантөгс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул байр чөлөөлж өгөхийг шаардаж Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандсан юм. Шалгалтын явцад хэрэг удаашран сунжирч явсаар хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч байна. Ингээд бид аргаа бараад байтал П.Оюунчимэгтэй холбоотой ноцтой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн. Бид ч мөн ялгаагүй хохироод байгаа тул уг мэдээллийг олон нийтэд цацах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь Б.Жавхлантөгс нь байр хүлээлгэж өгөхгүй мөртлөө хуулийн байгууллагын ажилд саад учруулж, ажлыг нь удаашруулаад байдаг юм. Үүний цаана түүний ээж хуулийн байгууллагад нөлөөлж байгаа нь нотлогдож байгаа.
Тухайлбал, хэд хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд П.Оюунчимэгтэй холбоотой нэгэн бичлэг цацагдсан. Бичлэгт “Ер нь би дандаа л хууль хүчний байгууллагатай харьцдаг. Энэ авгай намайг шоронд хийчихнэ гэдгийг мэдэхгүй байна тэ. Асуудал алга. Би утасдаад л наадахаа барь, ийм зүйл боллоо гэж хэлэхэд үүн шиг амархан зүйл алга” гэдгийг хэлсэн байдаг. Тэрбээр ХЭҮК-ыг байгуулагдсан цагаас нь хойш ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 12 жил ХЭҮК-ын гишүүнээр ажиллаж байгаа ийм хүн. Өнөөдөр хүний эрхийг хамгаалах ёстой хүн “би утас цохиод л шоронд оруулчихна” мэтийн хандлагатай үг, хэллэг хэлж байгаа нь хэр зүйтэй байна вэ.
Түүнчлэн тухайн үед ХҮЭК-ын гишүүн П.Оюунчимэг “Манай хүү байр авах гэж байгаа юм. Гэхдээ яг өнөөдөр мөнгө байхгүй байна. Энэ оны арванхоёрдугаар сардаа багтан 50 сая төгрөг өгөн үлдсэнийг нь сарын 1.2 хувийн лизингийн хүүтэй байдаг юм уу тохироод явъя” гэсэн. Төрийн өндөр албан тушаал эрхэлж байгаа хүнд бид итгэхээс яахав. Тиймээс хүүтэй нь гэрээ хийсэн юм.
Арга ядаад хуулийн байгууллагад шилжүүлтэл шалгалтын явц сунжирсаар эцэст нь байгууллага хохироод үлдэхдээрээ тулаад байна. Магадгүй барилгын компаниудаас ингэж байрыг нь салгаж аваад сурчихсан байхыг үгүйсгэхгүй” гэлээ.
Уг нь ХҮЭК-ын гишүүн П.Оюунчимэгийн бүрэн эрхийн хугацаа нь дуусаад есөн сар өнгөрсөн байна. Гэтэл хуулийн дагуу чөлөөлөгддөггүй. Тиймээс УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид хандан шаардлага хүргүүлнэ гэсэн юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (11)