АТГ-аас сүүлийн үед гарч буй авлига, албан тушаалын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
-Нэр бүхий гишүүд, албан тушаалтнууд мөрийтэй тоглосон асуудал яригдаж байна. Энэ асуудлаар шалгалт хийж байгаа юу?
-Мөрийтэй тоглосон асуудал шалгагдаагүй. Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдэх асуудал.
-Д.Жигжиднямаад холбогдох хэрэг ямар шатандаа явж байна вэ. Их удаашралтай байна гэсэн шүүмжлэл дагуулаад байна?
-Д.Жигжиднямаа нарт холбогдох асуудлыг нийт 20 гаруй үйлдлээр шалгаж байна. Шалгалтын ажил манай байгууллагаас үл хамааран гаднын байгууллагатай хамтран ажиллах шаардлага гардаг. Үүн дээр л хүлээлт үүсээд байна.
-Бөхчүүд допинг хэрэглэсэн гэх асуудал ямар шатанд явж байна вэ?
-Үндэсний бөхийн төрөлд тав болон түүнээс давж, шалгарсан 16 бөхөөс сэргээшийн төрлийн сорьц авах ажлын хэсэгт ажиллаж байсан албан тушаалтнууд шинжилгээний хариуг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны эрх, эрх мэдлээ урвуулан их хэмжээний хахууль авсан байж болзошгүй асуудалд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан сүүлийн 10 жилийн байдлаар шалгаж үзэж байна. Энэ хугацаанд шөвгөрсөн 109 бөхөөс дахин шинжилгээ авч, хариуг дэлхийн допингийн эсрэг төвийн БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторийн хариутай хаоьцуулан шинжлэх асуудал хийгдэж байна.
-Д.Тогтохсүрэн гишүүнтэй холбоотой асуудлын талаар мэдээлэл өгнө үү?
-Хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой найман гишүүн мөнгө угаасан асуудал яригдаж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-УИХ-ын гишүүнээс бүрэн эрхийнхээ хүрээнд 2019 оны долдугаар сарын 24-нд хүсэлт ирүүлсэн. Бидний зүгээс наймдугаар сарын 1-ний өдөр хариу хүргүүлсэн. ЖДҮХС-ийн санхүүжилтэд хамрагдсан иргэн, ААН дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоотой хамаарал бүхий 34, албан тушаалтнуудтай хамаарал бүхий 11 иргэн, ААН байгааг тогтоосон. Уг ААН-үүдэд мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор тухайн байгууллагуудын дансны гүйлгээнд шалгалт хийсэн. Шалгалтын явцад өндөр хүүтэй хадгаламжид мөнгө байршуулсан найман тохиолдол илэрсэн. Найман гишүүн гэдэг асуудал яригдаагүй. Тухайлбал, “Сэлэнгэ”, “Цагийн эрч”, “Цамбагарав”, “Жигүүрт хөсөг” зэрэг найман ААН ЖДҮХС-аас авсан зээлээ өндөр хүүтэй хадгаламжид байршуулсан асуудал байна.
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбоотой асуудал юу болсон бэ?
-Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хил давсан гэсэн мэдээлэл байна?
-Хилийн чанадад эмчилгээ хийлгэж байгаагаа бидэнд мэдэгдсэн.
-Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгчдийн асуудал юу болсон бэ. Хоёр шүүгчийн эрхийг сэргээх асуудал яригдаж байна?
-Нэр бүхий зургаан шүүгчид холбогдох асуудлыг прокурорт шилжүүлсэн. Бусад нь өөр хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа.
-Хөгжлийн банкны нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох асуудлын талаар мэдээлэл өгнө үү?
-Санхүүжилт, зээлийн талаар хэд хэдэн хэрэг шалгагдаж байна. Тухайлбал, тус банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар болон гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нар Худалдаа хөгжлийн банкнаас 27.8 тэрбум төгрөгөөр байр авсан асуудлаар шалгаж дуусан шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн.
-Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг ямар асуудлаар шалгаж байгаа юм бэ?
-Албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон асуудлаар шалгаж байна.
-Б.Батзориг гишүүнээс бусад гишүүдэд холбогдох хэрэг ямар шатанд явж байна вэ?
-ЖДҮХС-тай холбоотой асуудлыг өргөн хүрээгээр шалгаж байгаа талаар өмнө нь хэлж байсан. Заавал шалгалтын явцад өөрөөс нь мэдүүлэг авах шаардлагагүй. Хуульд заасан үндэслэлээр шалгалтын ажиллагааг явуулж болно.
Б.Лхам
Сэтгэгдэл (10)