Энэ сарын 29-нд буюу өчигдөр жуулчны визээр улсын хилээр нэвтэрсэн БНХАУ-ын 500 гаруй иргэнийг саатуулсан талаар бид мэдээлсэн. Урьдчилсан байдлаар тус иргэдийг цахим гэмт хэрэг үйлдсэн байж магадгүй хэмээн цагдаа, тагнуулынхан таамаглаж байна. Мөн уг асуудлаар Засгийн газар хуралдаж байна.
Засгийн газар ямар шийдэлд хүрч байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг тодруулахад, тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр хуралдаж байна. Хэлэлцэх асуудлуудын төгсгөлд уг асуудлыг Засгийн газрын гишүүдэд танилцуулна. Үүний дараа тодорхой мэдээлэл өгнө. Бидэнд байгаа мэдээллээр прокурорын хяналтан дор цагдаа, тагнуулын байгууллагынхан гүйцэтгэх ажил явуулж, цахим гэмт хэрэгтэй холбоотой гэж үзсэн учраас тэдгээр иргэдийг саатуулсан. Одоогийн байдлаар 740 орчим иргэнийг саатуулаад байна. Цаашид нэмэгдэх хандлагатай байна гэж хуулийнхан хэлж байна” гэлээ.