С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулж нэр бүхий гурван иргэнийг эрүүдэн шүүсэн асуудлаар тагнуулын дарга асан Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал Төв аймагт болсон билээ. Уг асуудлаар Б.Хурц нарын өмгөөлөгчөөр ажиллаж буй Б.Мэргэн тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ.
"Хууль тогтоомжид зааснаар өмгөөлөгч тодорхой хэргийн асуудлаар мэдээлэл өгөхийг зөвшөөрдөг. Хэргийн явцын хувьд анхан шатны шүүхээс тодорхой шалтгааны улмаас нэмэлт, мөрдөн байцаалтад буцаасан. Гэтэл прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэн. Төв аймгийн шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээж авсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийн хувьд маш нууц зэрэглэлтэй байгаа. Тиймээс энэ хэргийг ил болгох хүсэлтийг ҮАБЗ-ийн тэргүүнд хүргүүлж байна. Засгийн газарт зөвлөмж өгөөд хэргийн материалыг ил болгох хэрэгтэй. Яагаад ил болгох ёстой юм гэхээр бидэнд танилцах хугацаа маш бага олгосон. 15600 хуудастай танилцаад тэмдэглэлээ үлдээгээд гардаг.
Хэргийн нөхцөл байдлын талаар ярих боломж байхгүй. Танилцсан тэмдэглэлээ ярьж болдоггүй. Гэтэл нэр бүхий улстөрчид тухайн хэргийн материалыг задруулж байна. Хаанаас мэдээллээ аваад байгаа юм. Тагнуулаас зөвшөөрлөө авах ёстой. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд төрийн нууцтай танилцах эрхтэй. Гэтэл УИХ-ын гишүүд танилцаад түүнийгээ задруулж байна. Эргээд хариуцлага хүлээдэггүй. Тэдгээрийг буруутай бол хариуцлага тооцох ёстой.
С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргийг бүтэн уншаагүй. Мэдээлэл задруулаад байгаа улстөрчид, хуулийн байгууллагаас хэлж байгаагаар захиалагч нь тодорхой гэсэн. Тэр тохиолдолд хэн нь хэн бэ гэдэг нь тодорхой болно. Эрүүдэн шүүсэн хэрэгт зургаан хоногт болсон гэж ярьчихаад 6 минутыг нь ил болгосон. Задалсан мэдээллээ Засгийн газарт оруулж ил болгоод байвал төрийн нууц гэж байгаад яах юм. Олон улсын парламентын холбооноос “Та нар улстөржихөө” боль гэдгийг хэлж байгаа. Ж.Батзандан, Л.Болд тэргүүтэй гишүүн Төв аймгийн шүүх хуралд оролцох хүсэлтээ өгсөн.
Улстөрчид нь, олон улсын байгууллага, хэвлэл мэдээлэл нь энэ хэргийг ил болгох асуудлаар санал нэгдсэн учраас шийдвэрлэх ёстой. Тагнуулчид гэдэг бол үндэсний аюулгүй байдлыг хамгаалдаг тусгай албан тушаалтнууд. Улсын зардлаар олон жил мэргэшүүлж байгаа. Хүн нь өөрөө нууц байх ёстой. Гэтэл хэргийг илрүүлсэн албан тушаалтныг хэрэгтэн болгочихсон. Зургийг нь ил болгосон. Энэ хүмүүс дотоод, гадаадад тагнуул хийх боломжгүй. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг ингэж задалж байна. Ийм байж болохгүй. Хэрвээ манай үйлчлүүлэгчид буруутай гэж үзэж байвал ил болгох хэрэгтэй. Магадгүй Н.Энхбаярыг шүүсэн шиг ил болго, бүгдээрээ ороод олон нийтэд харуул. Хэргийн материалын тухай ярьж болохгүй учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй. Асуултад хариулах гэхээр ярих боломжгүй” гэлээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (10)