Олны анхаарал татсан зарим хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувдаас тодрууллаа.
-Олны анхаарал татсан зарим эрүүгийн гэмт хэрэг прокурорт шилжсэн гэсэн. Тухайлбал, ямар хэргүүд хянагдаж байна вэ?
-Шүүхэд шилжүүлэх саналтай дараах хэргүүдийг прокурорын хяналтад ирүүлсэн. Үүнд, Салхитын мөнгөний ордтой холбоотой нэр бүхий зургаан шүүгчид холбогдох хэрэг. Мөн ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан албан тушаалтанд холбогдох, Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан албан тушаалтан нь албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашигласан гэх хэргийг прокурор хянаж байна. Харин Ховд аймгийн байгалийн цогцолборт газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал хууль бусаар олборлож байсан “Өгөөж төв” компанийн захирал болон “Билон” компанийн захиралд холбогдох хэргийг прокурорын хяналт дор хянаж үзээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр АТГ-т буцаасан.
-Эдгээрээс гадна шүүхэд шилжүүлсэн ямар хэрэг байгаа вэ?
-Прокуророос хянаж үзээд яллах дүгнэлт үйлдэн гэм буруугийн асуудлыг шийдүүлэхээр харьяалах дүүргийн шүүхэд шилжүүлсэн нэлээдгүй хэрэг бий. Тухайлбал, ХХААХҮ-ийн сайд асан болон тухайн үед Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан албан тушаалтан, ЖДҮХС-гийн захирлаар ажиллаж байсан албан тушаалтнууд нь бүлэглэж, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэг байна. Мөн Монголбанкны захирлаар ажиллаж байхдаа тус банкинд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг, нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын албан тушаалтнууд бүлэглэж удаа дараагийн үйлдлээр улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн. Мөн дуучин Б.Амархүүд мансууруулах төрлийн ургамлыг түүж, бэлтгэн бусдад худалдсан гэх хэргээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
-Хууль бус мөрийтэй тоглоомын газарт шалгалт хийх гэтэл прокурорын зөвшөөрөл ирээгүй гэдэг шалтгаанаар цагдаагийн байгууллага шалгалт хийж чадаагүй гэсэн мэдээлэл цацагдсан. Прокурорын зөвшөөрлийг хэрхэн олгодог юм бэ?
-Мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс үзлэг хийсэн. Үзлэгээр мөрийтэй тоглоом тоглуулах зориулалтын тоног төхөөрөмж ашигласан нь илэрсэн учир Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Прокурорын зөвшөөрөл олгоогүй гэдэг мэдээлэл ташаа зүйл. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллага нь зөрчил хянан шийдвэрлэх тухай албан ёсны хүсэлтээ ирүүлээгүй байсан. зөрчил шалгах тухай хуульд хэргийн газарт үзлэг нэгжлэг хийх, нотлон баримт хураан авах зэрэгт прокурорын зөвшөөрлийг авах ёстой. Гэвч эрх бүхий албан тушаалтан нь хойшлуулалшгүй ажлын хүрээнд тухайн шалгалтыг прокурорын зөвшөөрөлгүй явуулах бүрэн эрхтэй. Ингэхдээ ажиллагаа явуулснаас 24 цагийн дотор нотлох баримт, хойшлуулалшгүй ажиллагаа явуулсан үндэслэлээ прокурорт хүргүүлэх ёстой. Үүн дээр прокурор тухай зөвшөөрлийг хүчтэй тооцох эсэхийг асуудлыг шийдвэрлэх зохицуулалттай.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (5)