ЭШЛЭЛ 1
Монгол Улс эзэнтэй, хайрлаж хамгаалах иргэдтэй. Намын эрх ашгийн дор орж болохгүй, эх орны эрх ашиг гэж байдаг гэдгийг хатуу итгэл үнэмшилтэйгээр ялгаж салгах өөрийн гэсэн үзэл бодол надад бий. Тэр үзэл бодлоосоо болж 2014 онд Ерөнхий сайдаасаа огцорч байсан. Одоо бүх асуудал ил болсон. Тэр үед тэдний эрх ашгийг бодож Ц.Элбэгдорж нарын шахалтад ороод Оюу Тойлгой, Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 мэтийн луйвруудыг хүлээн зөвшөөрсөн бол өнөөдрийг хүртэл намын дарга, Ерөнхий сайдаа хийгээд явах байсан гэдэгт огт эргэлздэггүй.
ЭШЛЭЛ 2.
Зарчимдаа, эх орондоо үнэнч байсныхаа төлөө Ардчилсан улсад баймгүй хэлмэгдүүлэлтийг бид багаараа амссан, туулсан, тэмцсэн. Харин одоо салхи эргэж тэдэнтэй хариуцлага тооцох цаг ойртсоор байгааг мэдэрч байна.
ЭШЛЭЛ 3.
Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын мафи Монгол Улсыг бүтэн залгингаа алдаад хахсан. Сүүлчийн найдвар, хорогдох байр нь нь манай Ардчилсан нам болчихоод байгаа нь хөдөлшгүй үнэн. С.Эрдэнэд эздийнхээ эрх ашгийг хамгаалахаас өөр АН-ыг, Монголын Ардчиллыг бодох өчүүхэн ч сэтгэл байхгүйг би сайн мэднэ.
ЭШЛЭЛ 4.
Би улс төрийн өрсөлдөөн огт хийгээгүй, гэмт хэрэгтэнүүдээс Монголыг, Ардчиллыг аврах ёстой гэсэн хатуу итгэл үнэмшилтэй яваа хүн.
ЭШЛЭЛ 5.
ШИНЭ намд элсэх талаар огт бодоогүй. Би хэлээд байгаа шүү дээ. Миний нэн тэргүүний зорилго бол ардчиллаа, Ардчилсан намаа гэмт хэрэгтнүүдээс аврах.
ЭШЛЭЛ 6.
Намаас хаслаа, хөөлөө, намаа солилоо, хагаллаа гэдэг яриаг чинь айсан, ичсэн, сандарсан С.Эрдэнэ гаргаж байгаа. Үнэнийг хэлэхэд гэмт хэрэгтнүүдээр толгойлуулж сонгуульд ортлоо манай нам, Монголын ардчилал ядраагүй.
ЭШЛЭЛ 7.
МАНАН-гийнхан Ардчилсан намыг С.Эрдэнээрээ удирдуулаад сонгуульд ороосой гэж чин үнэнээсээ хүсч байгааг манай намынхан мэдэж байгаа. Энэ хүний төлөө, Монголыг цөлмөсөн эздийнх нь төлөө, Ардчилсан намын мянга мянган гишүүд дахин ялагдаж хариуцлага хүлээх ёстой гэдэгтэй би хувьдаа эвлэрэхгүй.
ЭШЛЭЛ 8.
Эрх баригч нам үнэмлэхүй олуулаа байхдаа хоорондоо хэрэлдсээр юу ч урагшлуулсангүй, ямар ч дорвитой ажил хийсэнгүй. Бүх төрлийн судалгаагаар эрх баригч намын рэйтинг байж болох доод түвшиндээ байсаар байхад, хамгийн хүчтэй сөрөг хүчин байх ёстой манай намын рэйтинг гэмт бүлэглэлийн гишүүн удирдлагуудаасаа болоод маш муу, бүүр уруудсаар байна. Энэ бол Монголын ард түмний тавьж буй дүн.
ЭШЛЭЛ 9.
Сонгууль луйвардчихана гэж бодож буй мафийн технологиос нь өөр ялах найдвар С.Эрдэнэд байхгүй. Тиймээс яаравчлан намын их хурлыг хуралдуулж, өнөөгийн бодит байдлыг дүгнэн, удирдлагуудтай нь нэн дариу хариуцлага тооцохгүй бол нөгөө Баабарын хэлдэгээр Ардчилсан нам ёроолдоо тултал унаж ялалтын тухай мөрөөдөх ч хэрэггүй болно.
ЭШЛЭЛ 10.
С.Эрдэнэд хэн дархан эрх өгсөн юм бэ, яах гэж…? Дарга болсон С.Эрдэнэ улсын хөгжилд манлайлж, намаа цэвэрлэж, шударга ёсыг тогтоож, эв нэгдлийг хангаж, сонгуульд ялах ажлууд хийх ёстой биз дээ. Гэтэл өнөөдөр мафийнхны луйврыг өмөөрөөд, банкны эзний даалгавраар хэвлэлийн хурлууд хийгээд, мафийн толгойлогч Ц.Элбэгдоржийн заавраар, бүр ил тод түүний багийг аппаратдаа аваад, намыг удирдуулж байна. Энэ байж болох уу. Тойрон хүрээлэгчид нь бурханчилж шүтсээр, тойрч мөргөсөөр энэ намыг булшлах уу. Ер нь ардчилсан үзэл бол тэгш байх тухай философи дээр суурилж оршдог.
ЭШЛЭЛ 11.
Бүгдийг бодит байдлаар л хэмжих ёстой. Тэр тусмаа өнөөдөр сонгууль ойртсон үед өнгөрсөн хугацааны луйвар хуйвалдааныг нь дүгнээд огцруулах л ёстой. Энэ бол нээлттэй дүрэм. Мафийн тусламжтайгаар мөнгө тарааж, намын дарга болчихоод өөртөө зориулан зохиосон дархан эрх ямба эдэлж, таалагдаагүй нэгнийг намаас хөөж туун, тойрон хүрээлэгчдийнхээ гэмт үйлдлүүдийг хайцаалж суух оромж болгоход АН дэндүү томдоно. Би энэ гэмт хэрэгтнийг зайлуулах гэж тэмцээр л байгаа. Чадахаасаа чадахгүйгээ хүртэл үзэлцэнэ. Энэ нөхрөөс намаа аварсны дараа, намын даргын асуудал ил тод нээлттэй өрсөлдөөний зарчмаараа явагдах ёстой. Тэр үед нь намын даргад нэр дэвших эсэхээ шийднэ.
ЭШЛЭЛ 12.
ҮХНӨ хийх зайлшгүй шаардлага, шалтгаан өнөөдөр байхгүй. Хэрэв хийх гээд байгаа бол өнгөц биш суурь асуудлуудаа шийдэх өөрчлөлт л хийх хэрэгтэй байсан. Гэтэл бүх гол заалтуудаа УИХ-д 64 суудалтай МАН өөрсдөө унагаж байгаа нь зөвшилцөхүйц зөв хувилбар эхнээсээ биш байсны л нотолгоо. Суган доогуураа, найраан дундаа, гуйж тохироод хийчихдэг өөрчлөлт Үндсэн хуульд байх ёсгүй.
ЭШЛЭЛ 13.
ҮХНӨ-ийн хэлэлцүүлэгээс нэг бүлэглэл хожоо хийлээ. Тэр нь МАНАН. С.Зоригийн хэрэг, Эрдэнэтийн луйвар, Дубайн гэрээ, Оюу Толгойн асуудал аль нь ч шийдэгдэлгүй хугацаа хожиж өнөөдрийг хүрлээ. Тиймээс би ҮХНӨ гэх жүжиг бол МАНАН мафийн зохион байгуулсан үйл ажиллагаа л гэж харж байгаа. Цаг хожиж, хүчээ сэлбээд эргээд одоо сонгууль луйвардах бэлтгэлээ хийж байна. МАН ч манай намын адил мафидаа дарлуулаад шоглуулаад сууж байхад ҮХНӨ нэртэй Монголыг аврах суурь баримт бичиг батлагдахгүй нь тодорхой байна.
ЭШЛЭЛ 14.
Би 60 хүрсэн, хэр баргийн юмыг өнгөрөөх насандаа ирсэн хүн. Шууд үр дүнгээс илүү суурь гажуудал бэхжчих вий гэж улайран тэмцээд байгаа юм. Өнөөдөр та залхаад, би дуугүй болоод, бид бүгд энэ бүхнийг мартчихвал маргааш Монголд юу болох вэ гэдгийг тааж цөхөх юмгүй биз дээ. Хуулиас дээгүүр анги давхарга, хүссэнээ хийж хэлмэгдүүлдэг тогтолцоо, цөөнх нь хэт баян олонхи нь үгээгүй ядуу, баялгийг нь эзэнгүй мэт гадныхан авлигаар сорчилж мөлжин, залуус нь гадаад гарч дүрвээд, энэ эх орон товчхондоо сүйрч, устаж түүхээс арчигдана.
ЭШЛЭЛ 15.
Одоо л зах зухаас нь мэддэг болж байгаагаас биш тэд хэдхэн жилийн өмнө энэ гажуудлын схемээ мафийн аргаар өрж байсныг бид мартах учиргүй. Одоо ч хууль хяналтын байгууллага дахь гар хөлөөрөө хамгаалуулж сахилга хариуцлагаас мултарсаар явааг бид бүгд харж байна. Тэдэнд дуусашгүй их мөнгө бий, дуртай нэгнээ худалдаж эвсэл барьцаалж аваад өөртөө зүтгүүлнэ гэдэг арга барилтай хүмүүс. Тэд газрыг нь зарж нийслэл хотыг амьдрахад аюултай сүйрэл дагуулсан хот болгосон, баялгийг нь гадныханд өгснөөр манай улс зөвхөн Оюу Толгой төслийн өр нэрээр гадаад өрөө 10 тэрбум доллараар нэмсэн. Монгол Улсын Засгийн газрын гадаад нийт өр 7 тэрбум доллар байхад шүү дээ. Тэгэхэд бид 1.5 тэрбум долларын бондоор хичнээн их бүтээн байгуулалт хийлээ.
ЭШЛЭЛ 16.
Төсвийн гол орлого бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж авахаар дайрсан, Таван толгой төслийг Хятадын төрийн өмчит компанид өгөх гэж зүтгүүлсэн гэх мэт хүн сонсоод итгэж ойлгомооргүй том луйвруудыг хийж Монголыг хорлосон. Бүр Хөгжлийн банкинд хоёрхон давхар зарсан мөнгөөрөө өөрсдөө бүтэн том оффисын барилгатай болчих жишээтэй. Томоос нь жижиг хүртэл юуг ч үлдээхгүй энэ улсыг тонож, цөлмөж байсан. Энэ бүхний ард маш их мөнгөний шунал л явж байсан. Эх орноо боддог, үр хүүхдийнхээ ирээдүйг хайрладаг хүмүүс ийм юм хийхгүй шүү дээ. Одоо эхнээсээ гэр бүлээрээ гарч зугатчихаад ирэх ч үгүй байгааг хүмүүс мэдэж л байгаа. Ийм хүмүүсийн, ийм хорлонтой үйл ажиллагааг мэдсээр байж би дуугүй сууж, мартаж чадахгүй. Мартвал эд нар удахгүй энэ улсыг иргэдтэй нь хамт зарчихаад гараад зугатчих увайгүй шуналтай хүмүүс. Ер нь цаашдаа үеийн үед бид ийм урвагч, шуналтануудыг хатуу гэсгээж, энэ эх орноо эзэнтэй, хайрлах хамгаалах иргэдтэй, тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэдгээ дэлхий нийтэд ойлгуулж байх хэрэгтэй. Мартвал сөнөнө.
ЭШЛЭЛ 17.
Би Ц.Элбэгдоржийн олон луйврийн тухай яриагүй шүү. Ганцхан Эрдэнэтийн зэсийн баяжмалаас 1 жилд авдаг мөнгийг нь л хэлсэн төдий. Даваацэрэнг би тавиагүй л дээ. Тухайн үед Ц.Элбэгдорж Эрдэнэтийн асуудлыг би зохицуулна аа л гэсэн. Эрдэнэтийг 100 хувь Ц.Элбэгдорж мэдэж ирсэн. Томилгоо, бизнес гээд...
ЭШЛЭЛ 18.
Гажуудлаа засаад мафиасаа салчихвал, МАНАН-гүй Монголын маргаашийг маш өөдрөгөөр хардаг. Манай улсад эерэг сайхан бүх юмс бий, байх байхдаа бүр бусдаас илүү, бүүр элбэг их бий гэдгийг Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд хэлмээр байна. Эдийн засгийн талаасаа ч тэр, түүх соёл гэх мэт зөөлөн бүтэц талаасаа ч тэр. Манай улс хүн амын хувьд маш залуу бүтэцтэй ард түмэн тул хөгжих гол суурь нь болж өгнө.
ЭШЛЭЛ 19.
Хувь хүний ур чадвараас шалтгаалдаг олон салбарт манай залуус өөрсдийн хүчээр гялалзаж байгааг бид мэднэ. Хү хамтлаг, сагсчид, оюуны спортынхон, шинжлэх ухааны олимпиадад тэргүүлэгч залуус, спортын тамирчид, олимпийн аваргууд гээд бүхий л салбарт Монгол залуус яаж гялалзаж байна. Эдийн засаг бизнесийн салбарт ч шинэ үеийнхэн технологийн хөгжлийн давуу талаар ямар ч хоцрогдолгүйгээр дэлхийтэй зэрэг өрсөлдөх үүд нээлттэй. Гагцхүү төр засгийн бодлого шийдвэрүүд түүнийг нь ойлгохгүй хоцрогдолтой байгаад байна. Би олон мундаг залуустай байнга уулзаж, сонсож өөрийгөө цэнэглэж явдаг. Тэд дэлхий даяар шинэ үеийнхэний суурь сэтгэлгээ, соёл хандлагын маш том өөрчлөлтийн талаар ам нэгтэй ярьдаг. Өөрөө ч хэрэндээ уншиж судалж байгаа. Дайнгүй өлсгөлөнгүй, хэрэглээ багатай, хүмүүнлэг, мөрөөдөгч шинэ үеийнхэн энэ дэлхийг эерэг чиглэл рүү бодитой өөрчлөнө гэдэгтэй дэлхий нийт санал нийлж байгаа ч, бас нэг том сорилт нь бидний үеэс шалтгаална.
ЭШЛЭЛ 20.
Уламжлал шинэчлэл хоёрын зохист харьцаа дараа үеийн хөгжлийн хурдасгуур болно. Уламжлалт тогтолцоо, эдийн засгаа яаж дижитал болгож технологжсон шинэ нийгмийг байгуулах вэ гэдэг маш том сорилт бидний үеийг хүлээж байна. Боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах гэх мэт бүх салбарт суурь хувьсал өөрчлөлт хийхээс өөр арга зам байхгүй. Тун удахгүй өнөөгийн нийгмийн тогтолцоо бүхэлдээ хоцрогдож, гацаж эхлэх төдийгүй удахгүй иргэдийн ажлын байр зэрэг суурь асуудлууд технологийн хөгжилд шахагдаж биднээс зоримог шийдэл нэхэх л болно.
ЭШЛЭЛ 21.
Дэлхийн хөгжлийг тодорхойлогчдын нэг Япон улс, технологижсон дараа үеийн “нийгэм 5.0” гэх загвар гаргаад нийгмээрээ дижитал болохоор шилжилт хийж байна, Сингапур Англи зэрэг улсууд суурь боловсролын шилжилтийг дижитал эринд зориулан хийж байгааг дэлхий даяар ойлгож дагаж эхлээд байна. Ерөөс бид энэ асуудлуудыг барьж авахгүй бол, аж үйлдвэрийн эринээс хоцорсон шигээ өнөөдөр технологийн эринээс бас л хоцрох эрсдэл нүүрлээд байна.
ЭШЛЭЛ 22.
Холын зорилгоо тодорхойлохгүй бол ойрын зовлонгоос ангижрахгүй гэдэг үгийг нотлох гэж бид 30 жил олон боломжоо алдлаа. Ний нуугүй хэлэхэд 2012 онд намаа ялуулж, “Монгол хүн 2020” хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө Шинэчлэлийн Засгийн газрын бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлж, ахуйн шинж чанартай олон бүтээн байгуулалт хийж тулгамдсан маш олон асуудлуудыг богино хугацаанд шийдсэн. Зам гүүр, цахилгаан станцуудын өргөтгөл, хямд орон сууцны хөтөлбөр зэргээр хүндэрсэн асуудал болгоныг шийдсэн. Гэтэл улс төрийн өрсөлдөгч нар, хуулийн байгууллагуудтай хавсран хорлон сүйтгэх ажиллагаагаа явуулсаар тэр бүх ажлыг нурааж, энэ улсыг бүтнээр нь залгих гэж оролдсон. Шалтгаан нь манай улсад тогтворгүй тогтолцоо, бэхжээгүй хараат суурь эдийн засаг, хамгийн чухал нь хүлээн зөвшөөрөгдөх нэгдмэл хөгжлийн загвар байхгүйгээс тэр. Энэ бүхнийг хуулийн засаглалаа бэхжүүлэхгүйгээр, төрөө мафиас салгаж цэвэрлэхгүйгээр, төрийн тогтолцоогоо тогтвортой болгож өөрчлөхгүйгээр шийдвэрлэх боломж бараг байхгүй тул би тэмцээд байгаа юм.
ЭШЛЭЛ 23.
Бид цементийн гадагшаа урсдаг валютийн урсгалыг Чингис бондын эх үүсвэрээр санхүүжүүлж дотооддоо 100 хувь хангадаг болсон бол одоо нефт бүтээгдэхүүнд гадагш урсдаг 1.3 тэрбум долларыг дотооддоо үлдээж чадвал валютийн үнэ буурч, төгрөг чангаран иргэдийн орлого амьжиргаа шууд дээшилнэ. Энэ мэт хэрэгжсэн, хэрэгжиж байгаа, хэрэгжихээр хүлээгдэж буй маш олон хөгжлийн гарц байгаа. Одоо гагцхүү түрүүн хэлсэн төрөө мафиас цэвэрлэж, хуулийн засаглалаа бэхжүүлэх хэрэгтэй, мөн иргэдийн идэвхтэй хяналт оролцоо маш их хэрэгтэй байна.
ЭШЛЭЛ 24.
Би түрүүхэн өөрт чинь мартаж болохгүй, дуугүй болж болохгүй эх орны эрх ашиг гэж бий гэж тун тодорхой хэлсэн. Монголчуудад за яахав ээ, болно биз өнгөрснөө энд нь үлдээе гэх зан чанар байдгийг би сайн мэднэ. Гэхдээ эх орны эрх ашиг дээгүүрээ гишгэсэн хүн бүрийг уучилж өршөөвөл энэ улс удахгүй эзэнгүйрч сүйрэх тухай л яриад байгаа юм. Ямар ч үнээр хамаагүй, золиос эрсдэл бүхнийг давж байж энэ улс өдийг хүртэл оршсон, цаашид ч оршсоор байхын тулд гишгэж болохгүй хил хязгаараа ёс суртахууны чанд зааг болгон тогтоож нийтээр дагаж мөрддөг болох ёстой. Үүнийг энэ цаг үе биднээс бүр ч хатуу нэхэж байна. Язгуур эрх ашиг, ёс суртахууны хэм хэмжээ хоёроо маш тодорхой болгочихвол хөгжил саадгүй болж, иргэд хүсээд байгаагаасаа илүү сайхан нийгэмд амьдрана. Монголчууд эрх чөлөөтэй, хүн бүр хангалуун улсад амьдрахыг хүссэн болохоос хэн нэгэн нь бүх боломжийг нь хуу хамж цөлмөн, Монголдоо шингээж барахгүй их хөрөнгөжөөд, дийлэнх олонхи нь ядуугаасаа болж утаанд хордож, түгжрэлд бухимдан хэрэлдэж суух гэж Ардчилсан хувьсгалыг хийгээгүйг хатуу санах ёстой.
Сэтгэгдэл (62)