Гадаадын иргэн, харьяатын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
2019 оны 10 дугаар сарын байдлаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор улсын хэмжээнд боловсрол, эрүүл мэнд, шашин, авто засвар, уул уурхай, барилга, малын гаралтай түүхий эд, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг давхардсан тоогоор 971 аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй 36 улсын 10292 гадаадын иргэний бичиг баримтыг шалгасан байна.
Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад шалгасан байгууллагын тоо 11.9 хувиар, шалгасан гадаадын иргэдийн тоо 39 хувиар өссөн байна.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах журмаар болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд амаар болон утсаар ирүүлсэн өргөдөл гомдол, мэдээллийн дагуу 2019 онд 142 удаагийн хяналт шалгалт хийсэн бөгөөд 85 зөрчлийг илрүүлсэн байна.
Зөрчил шалган шийдвэрлэлт
2019 онд 67 улсын 1633 иргэн, харьяалалгүй 6 хүн зөрчил гаргаж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 335 сая 880 мянган төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ. Үүнээс визийн хугацаа хэтрүүлсэн 784, бүртгэлийн журам зөрчсөн 352, Монгол Улсад оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчсөн 195, хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн 137, бусад 171 зөрчил байна.
Монгол Улсад урьсан гадаадын иргэнээ зохих хугацаанд бүртгүүлээгүй 117 уригч байгууллагын 216 хүн, оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн 820 уригч байгууллагын 2159 хүн, визийн хугацааг хэтрүүлсэн 174 уригч байгууллагын 253 хүн, нийт 1111 уригч байгууллагын 2628 иргэнд холбогдох зөрчилд 1 тэрбум 32 сая 270 мянган төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна.
Зөрчил гаргасан гадаадын иргэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.9 хувиар өссөн байна. Харин зөрчил гаргасан уригчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6.7 хувиар буурсан байна.
Албадан гаргалт
2019 онд 22 улсын 372 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан бөгөөд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан 245, визийн хугацаа хэтрүүлсэн 66, тус улсын шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан 30, оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч тус улсаас гарч явахаас зайлсхийсэн 19, бусад үндэслэлээр 12 гадаадын иргэнийг албадан гаргасан байна.
Эдгээр албадан гаргасан иргэдээс БНХАУ-ын иргэн 300, Балба Улсын иргэн 12, БНСВУ болон БНСУ-ын иргэн тус бүр 8, ОХУ-ын иргэн 7, бусад улсын 37 иргэн байна.
Албадан гаргасан гадаадын иргэний 311 буюу 83.6 хувь нь түр ирэгч /“B”, “J” ангиллын визтэй иргэд/ бөгөөд үүнээс 267 нь БНХАУ-ын байна. БНХАУ-ын түр ирэгч иргэдийн 196 Эрээн, 71 Хөх хотоос виз олгосон байна.