Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газраас сайжруулсан түлшний талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захирамжаар иргэдэд шахмал түлш хэрхэн түлэх болон, угаарын хийнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тараах материал нийслэлийн зургаан дүүргийн айл өрхөд тараасан. Уг тараасан материал ихээхэн үр дүнтэй байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Утааны хувьд харьцангуй бага байгаа нь ажиглагдаж байна гэсэн бөгөөд мэргэжлийн байгууллагуудын тараасан зөвлөмжийн дагуу галлагаагаа хийхийг уриаллаа.
Энэ талаар НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Өнгөрсөн шөнө өмнөх өдрүүдтэй харьцуулахад харьцангуй тайван байлаа. Учир нь өмнөх өдрүүдэд ихэвчлэн үүр орчмын үеэр иргэд дуудлага өгдөг байсан юм. Үүнээс үзэхэд тараах материалууд иргэдэд хүрээд үр дүнтэй байна гэж харж байна. Дуудлага өгсөн айлуудад очиход материалууд бүх айлуудад хүрсэн байна.
Дуудлага өгсөн айлуудад очиход “Дотор муухайрч, толгой эргэж байна. Тараасан материалд энэ шинж тэмдэгийг дурдсан байсан тул дуудлага өглөө” гэсэн асуудлыг ярьж байсан.
Түргэн тусламжийнхан яаралтай ирж үзээд хордлогын шинж биш байна хэмээн зөвлөгөө өгч буцсан. Иргэд галлагаагаа зөвлөмжийн дагуу хийгээсэй гэж хүсч байна” гэв.
НОБГ-ын ГУСХ-ийн дарга, хурандаа Г.Нэргүй “Энэ сарын 10-ны өдрийн байдлаар угаарын хийнп хөнгөн , хүнд хэлбэрээр нийт 15 өрхийн 32 иргэн байна. Үүнээс хоёр том хүн, нэг хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн угаарын хийнд хордсон 32 иргэний 13 нь хүүхэд байна. Өнөөдрийн байдлаар найман том хүн, дөрвөн хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас хоёр хүүхэд нь ЭХЭМҮТ-өөс зөвлөгөө аван эмнэлгээс гарсан.
Энэ сарын 3-11-ний өдөр хүртэлх хугацаанд угаарын хийн хордлогын удмаас дуудлага өгсөн 92 өрхийн 201 хүн байгаагаас 112 том хүн, 86 хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн.
Нийслэлийн Онцгой комиссын зүгээс үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран шуурхай штаб байгуулан 24 цагаар ажиллаж байгааг” онцолсон юм.
Нийслэлийн хэмжээнд агаарын чанарыг хэмждэг 12 автомат төхөөрөмж 24 цагаар хэмжилт хийдэг аж. Өнгөрсөн есдүгээр сарын 30-аас энэ сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд дахь агаарын чанарын тоо pm10 хэмжээтэй агаарын тоосонцор өнгөрсөн оныхоос буурсан үзүүлэлттэй гарчээ. Хүхэрийн давхар исэл болон pm2.5 хэмээтэй тоосонцор хэвийн түвшинд, харин pm10 хэмжээтэй тоосонцор өнгөрсөн оны мөн үед Нисэх, Толгойт, Баянхошуу, Зурагт, Амгалан зэрэг байршлуудад хоёр дахин их байсан бол энэ онд хэвийн үзүүлэлттэй гарчээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)