Өнгөрсөн амралтын өдрүүдэд угаарын хийнд 40 орчим хүн угаартаж, дөрвөн иргэн амиа алдсан талаар бид мэдээллэсэн. Тэгвэл энэ тоо 70 орчим болж өсчээ. Уг шалтгааныг тогтоохоор иргэдийн хэрэглэсэн түлшнээс дээж авч АМГТГ-ын харъяа лаборатори, Гаалийн болон Геологийн төв лаборатори зэрэгт шинжлүүлсэн шинжилгээний хариу гарчээ.
Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга С.Даваасүрэн “Бид Геологийн төв лаборатори есөн дээж шинжлүүлсэн. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт нас барсан болон угаартсан иргэдээс таван дээж, Сонгинохайрхан дүүргээс нэг, Баянзүрх дүүргээс нэг, Хан-Уул дүүргээс хоёр дээж шинжилсэн. Нэр бүхий 19 айлаас авсан дээжээс үзэхэд чийглэгийн хэмжээ стандартад нийцсэн, үнслэг нь 29 буюу түүнээс бага байх ёстой бол бидний авсан дээжид 23-24 гарсан. Харин дэгдэмхий хий 22 буюу түүнээс бага байх ёстой. Шинжилгээгээр 18-20 байсан. Мөн хүхэр нэг хүртэлх хувь байх ёстойгоос 0.95 байна гэсэн хариу гарсан.
Мөн угаарын хийнд өртсөн гэх айл өрхөөс ирсэн дуудлагын хүрээнд Тавантолгойн 1, 2 дугаар үйлдвэрээс дээж авч АМГТГ-ын харьяа лабораторид шинжлүүлсэн. Шинжилгээгээр стандартын шаардлага хангаж байна гэж гарсан. Түүнчлэн Гаалийн төв лабораторид түлшний цардуулын хэмжээг шинжлүүлсэн. Ингээд дээрх гурван хариуг үндэслэн улсын байцаагчид дүгнэлт гаргана” гэв.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Нийслэлээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс инженерийн чиглэлийн болон иргэд рүү хандсан ажил хийж гүйцэтгэж байна. Иргэдийн хувьд стандартын бус сууц, гэрт маш олон төрлийн зуух хэрэглэж байна. Үүнтэй холбоглуулан нийслэлийн Онцгой комисс хуралдаж, нийслэлийн бүх айлуудад хэрхэн аюулгүй ажиллагааг хангах зэрэг зөвлөмж хүргэх шийдвэр гарсан. Харин ямар шалтгааны улмаас хүмүүс хорлогод өртөөд байгааг судалж байна” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (6)