Өөрийн хүчээр зургаан өнчин хүүхдээ өсгөж яаваа өрх толгойлсон эх О.Нарантуяа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр 1991 онд нөхрөө зуурдаар алдсны дараа том охин нь хүндээр өвчилсөн байна. Эмчилгээний зардлыг олохоор анх Сэлэнгийн долгио чуулгатай хамтарч аялан тоглолт хийж байжээ. Аялан тоглолтоос олсон мөнгөөрөө охиныхоо эмчилгээний эм тариаг авсан ч бүрэн эдгээгүй аж. Тиймээс арга буюу Улаанбаатар хотод ирж Багшийн дээд дээр дуулах болжээ. Энэ талаараа тэрбээр "Би зургаан өнчин хүүхдээ хаяад үхэж чадаагүй. Мөн хулгай хийж, шоронд орохыг ч хүсээгүй. Олон хүүхэдтэй ганц бие ээжид ажил олддоггүй юм билээ. Тиймээс хамгийн шударгаар ажиллаж, үр хүүхдээ тэжээе гэж бодон гудамжинд дуулж, бүжиглэх болсон. Эхэндээ ичдэг л байлаа. Харин ард түмэн сайхан хүлээж авсан.
Би уг нь улсад 16 жил ажилласан. 1991 онд төр засаг дөрвөөс дээш хүүхэдтэй эхчүүдийг хүчээр нөхөн олговор нэртэй тэтгэврийг тогтоож ажилгүй болгосон. Тэтгэвэр ч тогтоолгож чадаагүй. Тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж сард 928 төгрөг өгдөг байсан нь бидний амьдралд хүрэлцдэггүй байсан.
20 гаруй жил гудамжинд тоглож явахдаа охиноо хөл дээр нь босгосон. Бас нэг жижигхэн дутуу барьсан байшинтай болсон.
Өнөөдөр би цагдаа нарт хөөгдөж, архичдад дээрэлхүүлж, наймаачдад ад үзэгдэж явсаар хорвоог барах юм шиг байна. Тиймээс төрийн гурван өндөрлөг хандаж, "Надад туслаач" гэж хүсмээр байна" гэлээ.
Сэтгэгдэл (4)