АШУҮИС-ийн захирлын үүргийг түр гүйцэтгэгч Ж.Цолмон хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа талаар тус сургуулийн ҮЭХ-оос мэдээлэл хийлээ.
Энэ талаар ҮЭХ-н дарга Б.Баасанжаргал “2018 оны долдугаар сарын 10-ны өдөр АШУҮИС-ийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр Ж.Цолмонг томилсон талаар тус сургуулийн багш ажилчид мэдээлэл хийж байсан. Ингэхдээ төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын журмыг баримталж ажиллах мэдэгдлийг хүргүүлж байсан. Тухайн үед бид мэдээлэл хийхдээ багш, ажилчдыг хоморголон халж байгаа болон албан тушаалаа өгөхийг шахаж шаардаж байгаа талаарх ярьж байсан. Мэдээлэл хийсэн багш, ажилчдын хувьд жилийн дараа ажлаасаа халагдаж, заримыг нь өөр газар руу шилжүүлэх замаар бүтцийн өөрчлөлт хийсэн.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 2-нд Сүхбаатар дүүргийн иргэний анхан шатны шүүхээс АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Батбаатарыг ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн гэсэн тогтоол гарсан байдаг. Ингэхдээ “Г.Батбаатарыг АШУҮИС-ийн захирлаар эргүүлэн тогтоох” шийдвэр гарсан. Үүнээс хойш уг асуудал явсаар байгаад энэ оны дөрөвдүгээр сарын 25-нд Улсын дээд шүүхийн тогтоол гарч анхан шатны шүүхээс гаргасан “эгүүлэн тогтоох шийдвэрийг хэвээр үлдээсүгэй” гэсэн тогтоол гарсан байдаг. Улсын дээд шүүхийн тогтоол гарсан энэ өдрөөс эхлэн Ж.Цолмонгийн гаргасан шийдвэр эрх зүйн ямар ч чадамжгүй болж байна гэсэн үг юм. Улмаар сургуулийн үйл ажиллагаа алдагдахад хүрч байна.
Хоёрдугаарт, АШУҮИС-ийн ҮЭХ дүрэмд багш, ажилчид тэдгээрийн тогтвортой ажиллах эрх үүргийг тодорхой хэмжээгээр хамгаалах ёстой гэсэн заалттай. Тиймээс ажил үүргээсээ үндэслэлгүй халагдсан алба хаагчдыг эгүүлэн томилох шийдвэр Сүхбаатар дүүргийн иргэний анхан шатны шүүхээс гарч байна. Хамгийн гол нь ажилгүй байсан үеийн тэтгэмжийг хаанаас гаргах юм. Ийм тушаал, шийдвэрийг үндэслэлгүй гаргаснаас үүдэн сургуулийн үйл ажиллагаа алдагдах ёсгүй” гэв.
Б.Лхам
Сэтгэгдэл (7)