ЭШЛЭЛ 1
Ардчилсан хувьсгал бол Монголын нийт ард түмний хүсэл зориг дээр тулгуурлаж бүтсэн үйл хэрэг, ололт амжилт. Цаашид иргэн бүр Ардчиллын үнэт зүйлсээ өөрсдөө хамгаалж, төгөлдөржүүлэн авч явах ёстой.
ЭШЛЭЛ 2.
Энэ 30 жил ололт амжилт ч бий үүний хажуугаар саар алдаатай зүйлүүд ч их байлаа. Бид энэ 30 жилийн ойг тохиолдуулж нэг их баяр тэмдэглэж, шоу наадам хийх гэхээсээ илүү өнгөрснөө эргэж харан, бодож дүгнэх ёстой.
ЭШЛЭЛ 3.
1992 оны Ардчилсан Үндсэн хуульд хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна хэмээн тунхаглаж, шудрага нийгмийг байгуулна гэж зорьж ажилласан боловч энэ зорилгодоо огтхон ч хүрч чадсангүй.
ЭШЛЭЛ 4.
Монгол төр сайдаасаа эхлүүлээд доод шат хүртлээ төрийн байгууллагын мэргэжилтэн, хэлтсийн дарга хүртэл авлига авдаг болсон байна.
ЭШЛЭЛ 5.
УИХ-ын гишүүд нийтээрээ өөрсдөдөө давуу талыг бий болгож ЖДҮХС-гийн зээлийг авчихаж байна. Хэн нь ч хариуцлага хүлээсэнгүй. Цаана нь боломжоо дээрэмдүүлсэн бизнес эрхлэгчид, ЖДҮ эрхлэгчид хохироод үлдэж байна.
ЭШЛЭЛ 6.
Хууль, прокурор, шүүхийн салбарт шударга бус тогтолцоо бий болсон. Шүүгч нар авлигын хэргийг авлига авах замаар шийддэг болж. Хэрэг наймаалцдаг болсон байна. Хяналтын, мөрдөн шалгах зэрэг бүх шатандаа авлигын хэрэг, аливаа гэмт хэргүүд замхардаг, наймаалцдаг тогтолцоо бий болсон.
ЭШЛЭЛ 7.
Өнөөдөр АН-ын даргаар ажиллаж байгаа хүн эрүүдэн шүүлт байх ёстой зүйл ээ гэж хээв нэг хэлээд цаашид ч байх зүйл гээд яриад сууж байгаа нь хамгийн эмгэнэлтэй зүйл болоод байна. Бидний байгуулсан хүмүүнлэг ардчилсан нийгэм маань иймэрхүү л дүр төрхтэй байна.
ЭШЛЭЛ 8.
Монголчуудын ахуй амьдрал энэ 30 жилийн дээрдсэнгүй. Бид дундаж давхаргыг бий болгож чадсангүй. монголчуудын 70 орчим хувь нь ядуу байна. Сүүлийн үеийн статистик судалгаагаар хүн амын 28 орчим хувь нь нэн ядуу, 40 гаруй хувь нь ядуу амьдарч байна.
ЭШЛЭЛ 9.
Баян хоосны ялгаа туйлдаа хүрч Монголчуудын ганцхан хувь нь болох цөөхөн хэдэн гэр бүл хэтэрхий их баяжлаа. Энэ юутай холбоотой вэ гэхээр авлига, шударга бус тогтолцоо бий болж, Монгол төр зохих ёсоор үүргээ гүйцэтгэх чадамжгүй болж, тохиролцооны төр бий болсоны хор хөнөөл юм.
ЭШЛЭЛ 10.
Үндсэн хуулийн 6.1-т байгалийн баялаг бол нийт ард түмний өмч бөгөөд төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. Гэтэл лиценз нэрээр Монголын ашигт малтмалтай бүх газар нутгийг цөөхөн гэр бүл өөрсдийн мэдэлдээ авсан байна. Байгалийн баялаг дээр төр шудрага, ирээдүйг харсан зохицуулалт хийж чадсангүй.
ЭШЛЭЛ 11.
Ингэж баяжсан хүмүүс цаашлаад байгалийн баялгаас олсон мөнгөөрөө буцаагаад төрийг худалдаж авах ажил хийдэг. Намаар дамжиж тэрийн эрх мэдэлд өөрсдөө гарч суух, хугацаагүйгээр төрийн эрх барьж, үр хүүхдэдээ хүртэл төрийн албан тушаалыг үе залгамжлуулж өмчлүүлэн, Монгол төрд эзэн суухыг оролдож байна.
ЭШЛЭЛ 12.
Өргөн уудам газар нутаг, 60 сая мал байна. Гэтэл бас л төрийн тогтворгүй, алсын хараагүй бодлогоос болж өнөөдрийг хүртэл газар тариалан, мал аж ахуйн салбартаа орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж эдийн засгийн өндөр үр ашиг хүртдэг болох тал дээр хангалтгүй ажиллаж ирлээ.
ЭШЛЭЛ 13.
Аж үйлдвэрээ хөгжүүлээд түүхий эд нийлүүлэгч орон биш үйлдвэрлэгч орон болъё гэж улс төрч болгон ам уралдан ярьсан. Гэвч бодит байдал дээр нэг ч бодит үр дүн гарсангүй. Монгол Улс үйлдвэржсэн орон болж чадсангүй. Гадны түүхий эдийн ханган нийлүүлэгч хэвээрээ л байна.
ЭШЛЭЛ 14.
Шинжлэх ухааны салбар, технологийн салбараа хөгжүүлж чадсангүй. Өнөөдөр барууны өндөр хөгжилтэй орнууд аж үйлдвэрийнхээ шатнаас цаашаа өнгийгөөд технологийн эрин рүү шилжиж байна.
ЭШЛЭЛ 15.
Бид хоорондоо хэрэлддэг, эрх мэдлээ булаацалддаг, хэн нь ч хариуцлага хүлээдэггүй, авлигыг өөгшүүлсэн, шударга бус тогтолцоог дэмжсэн, гацаадаг, хуйвилддаг, тохиролцдог замаар өнгөрсөн 30 жил явж иржээ.
ЭШЛЭЛ 16.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монголын нийгэмд шударга ёс бий болгох зохицуулалтыг хийж өгөөсэй. Авлигыг таслан зогсоох асуудлыг шийдээсэй. Хууль, шүүхийн байгууллагуудын шударга ажилладаг тогтолцоог бий болгоосой гэж хүлээсэн боловч зоримог алхам хийсэнгүй.
ЭШЛЭЛ 17.
Засаглалийн тогтвортой байдлыг хангаж, урт хугацааны хөгжлийн бодлогыг бий болгох зохицуулалтыг хийгээсэй гэж хүлээж байсан. Бас л тэр талын зүйл одоогийн энэ ҮХӨ-ийн төсөлд хангалттай алга.
ЭШЛЭЛ 18.
Ерөөсөө бид өнгөрсөн 30 жилд ардчилсан шударга сонгууль явуулсан гэж хэлж байгаа боловч сонгууль болгон будлиантай болж байсан. Сонгууль болгоноор мөнгө тараасан, сонгогчдын саналыг худалдаж авсан гэх асуудал гардаг. Ядаж л сонгуулиа шудрага явуулж сурангүй.
ЭШЛЭЛ 19.
Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт АН-ын удирдлага маш хариуцлагагүй хандсан. Анхнаасаа тодорхой байр суурьгүй байсан. Өдөр бүхэн өөр өөр мэдэгдэл хийж байсан. Нэг бол ийм санал хүргүүлж байна аа гэдэг. Хэлэлцүүлэгт орно, орохгүй гэнэ. Нэг бол татаж авч байна аа гэдэг ийм л зүйл боллоо.
ЭШЛЭЛ 20.
Манай намын удирдлага Үндсэн хуулийн асуудалд шантаачлах, наймаалцах гацаах, хуйвалдах байдлаар хандлаа. Өнгөрсөн 30 жилд С.Эрдэнэ нам дотроо ч шантаачлах, гацаах, хуйвалдах ийм л улс төр хийж ирсэн. Өнөөдөр АН-ын дарга болчихоод нам төлөөлж улс төр хийхдээ яг энэ байдлаараа ажиллаж байгаа.
ЭШЛЭЛ 21.
Энэ хүн улс орны хэмжээний намыг, улс орныг аваад явах хэмжээний лидер биш байна. Олон үзүүлэлтээр хэлж болно. Хувь хүнийхээ талаас энэ хүнд удирдагчийн шинж чанар алга. Энэ хүнд хулгай хийх, авлига авах тийм л чадвар байна.
ЭШЛЭЛ 22.
С.Эрдэнэ өнгөрсөн хугацаанд маш олон хууль бус зүйлсийг хийсэн. Энэ хүний хийсэн гэмт хэргүүд одоо ч хүртэл улс төрийн хүрээнийхний сейфэнд байгаа. Тиймээс түүнийг “Төмсөгдүүлсэн” улстөрч гэдэг. Ийм барьцаалагдсан, “боолын гэрээтэй” улстөрчөөр АН удирдуулж болохгүй.
ЭШЛЭЛ 23.
Сая жүдогийн шигшээ багийн удирдлагууд өмнөх амжилтаа ахиулж чадаагүйнхээ төлөө ёс зүйн хариуцлага хүлээгээд огцорч байна. Энэ бол хүнд байх ёстой, ялангуяа улстөрчдөд бүр их байх ёстой чанар. Гэтэл өнөөдрийн улс төрчид, АН, МАН аль ч нам ялгаагүй ёс зүйн хариуцлага хүлээх чадваргүй байна.
ЭШЛЭЛ 24.
Аймаг, дүүргийн АН-ын дарга нар одоо шийдвэрээ гаргах цаг болсон. Ганц хүний хувь эрх ашигт хөтлөгдөн дөрлүүлсэн үхэр шиг явсаар сонгуульд ялагдвал тэр тийм хүсээд байх зүйл биш шүү гэж хэлмээр байна. Авлигач удирдлагынхаа хамар доороос гарч ирээд Монголын ард түмний хүсэн хүлээж байгаа өөрчлөлт шинэчлэлтийн төлөө дуу хоолойгоо илэрхийлэн тэмц, Хамтарч АН-аа өөрчилж, нийгмээ сайн сайхан болгохын төлөө тэмцэх цаг болсон.
Сэтгэгдэл (23)