Монголын сэтгүүлчдийн бүтээлийг бүтэн жилийн турш үнэлж, “цензур”-ддаг “Балдорж” уралдаан өчигдөр болж өнгөрлөө. Жил бүрийн есдүгээр сард болдог “Балдорж” шагнал гардуулах ёслолын ажиллагаа бол Монголын хэвлэл мэдээллийн салбарынхны чансаагаа сорьдог уралдаан юм. Энэ утгаараа уг шагналыг Монголын "Пулитцер" хэмээн зохион байгуулагчдын зүгээс нэрийдэх нь бий. Арга хэмжээг нээж Ерөнхий сайд асан С.Баяр “Одоогоос 11 жилийн өмнө миний найз Ц.Балдорж агсны хамтран зүтгэгч, дотны найз нөхөд, гэр бүл, хүүхдүүд нь цуглаж Монголын сэтгүүл зүйн шилдэг шагнал гардуулдаг ёслолын ажиллагааг жил бүр зохион байгуулдаг болох талаар ярилцаж байсан юм. Бид энэхүү арга хэмжээг сэтгүүлчдэд шинийг санаачлах, урам зориг өгөх зорилгоор санаачилсан. Балдорж шагналын анхны эзнээр МОНЦАМЕ агентлагийн одоогийн захирал Б.Ганчимэг шалгарч байсныг би санаж байна. Тэр үеэс хойш яг 10 жилийн дараа энэ тайзнаа дахин үг хэлж байгаад сэтгэл минь их хөдөлж байна.
Ц.Балдорж агсан Монгол Улсад чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд маш том хувь нэмэр оруулсан. Тэрбээр 40 жилийн өмнө "Үнэн" сонинд ид цахиур хагалж явсан авьяаслаг, нэртэй сэтгүүлч байлаа. Биднийг сэтгүүл зүйн салбарт сэтгүүлч гэж нэрлэгдэж явахад нөхцөл байдал өнөөдрийнхөөс өөр байжээ. Бид нэг намын бодлогыг олон түмэнд хүргэдэг байсан суртал ухуулагчид байсан нь үнэн. Гэхдээ 1980-аад оноос өөрчлөлт шинэчлэлтийн салхи нийгэмд сэвэлзэж эхэлхэд Ц.Балдорж найз маань биднийг манлайлж, хойноосоо дагуулж явсан юм. Түүний нийтлэл олон сэтгүүлчдийн урам зоригийг сэргээж, уншигчдад шинэ бодлыг төрүүлж, шинэ цагийг авчрахад ихээхэн нөлөөлсөн гэж би боддог” гэсэн юм.
Тэгвэл 11 дэх удаагийн “Балдорж” шагналыг “Хүрээлэн” баг хоёр дахиа хүртэж хошой аварга боллоо. Харин тусгай байрыг “Ublife” сайтын сэтгүүлч Б.Энхцэцэг, Iкon.mn сайтын сэтгүүлч Ч.Болортуяа, “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга нар хүртлээ.
Сэтгэгдэл (1)