Дархан-Улаанбаатар хоорондын 205 км автозамын ажлын өргөтгөл шинэчлэл хийж буй. Зам засвартай байгаа энэ нөхцөлд 300 гаруй хүн амь нас эрсдэж, 100 гаруй хүн ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болж үлдсэн талаар Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн иргэд мэдээлэл хийлээ. Тодруулбал, "Өмнө нь Азийн хөгжлийн банкны 60 сая долларын зээлээр хоёр эгнээтэй зам тавих шийдвэр гарсан. Гэвч үүний дараа Европын сэргээн босголт, Хөгжлийн банкны 60 сая долларын санхүүжилтийн асуудлыг Засгийн газар шийдвэрлэснээр 4 эгнээ, олон улсын стандартад нийцсэн зам тавихаар болсон. Үүнийгээ ч Засгийн газар зарлаж, ажил эхэлсэн. 2019 оны зургадугаар сараас Дарханы замын ажил албан ёсоор эхэлсэн ч замын ажлын явц удаан. Санхүүжилт бүрэн шийдэгдсэн эсэх нь тодорхойгүй байна. Хамгийн гол нь энэ ажилд төрийн хяналт байгаа эсэх ойлгомжгүй байна" гэдгийг иргэд онцоллоо. Түүнчлэн Автозамын газраас гаргасан мэдээгээр Дарханы замд 2019 оны эхний 6 сарын байдлаар:
- 300 гаруй хүн амь нас эрсэдсэн
- 200 гаруй авто ослын гэмт хэрэг бүртгэгдсэн
- 100 гаруй хүн ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болж үлдсэн
- эрүүгийн 57 гэмт хэрэг үүсгэн шалгагдаж байна.
Үүнээс гадна тоосжилт ихтэй байгаагаас болж Дарханы зам дагуух айл өрхийн эрх зөрчигдөх болсон байна. Тиймээс Дарханы замын гүйцэтгэлд хяналт тавьж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангаж өгөхийг шаардлаа.
Иргэдийн зүгээс ийм мэдээлэл өгсөн юм. Харин Тээврийн цагдаагийн албанаас дээрх замд 2019 оны зургадугаар сарын 17-ноос наймдугаар сарын 31-ны хооронд нийт 172 осол бүртгэгдсэн бол нийт 21 иргэн амиа алдсан. Мөн нийт 63 иргэн гэмтсэн гэсэн мэдээлэл өглөө.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (27)