ЦЕГ-аас "Босоо хөх Монгол" төрийн бус байгууллагатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад иргэн Д-ээс тус төрийн бус байгууллагад гомдол гаргасан байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Транжендер иргэдийн үүссэн асуудалд хохирогч Д цагдаагийн байгууллагад албан ёсоор гомдол гаргасан. Гомдлыг үндэслэлтэй байна гэж үзсэн. Учир нь тухайн иргэнийг айлган сүрдүүлэн дарамтлаж, эд хөрөнгө нэхсэн баримт бий.
Гэтэл үүний дараа тус хөдөлгөөний тэргүүн Г.Ганхуяг эх орноо хамгаалсан үйлдэлд саад болохын тулд трансжендер хүмүүсийн асуудлаар шалтаг хийж байна гэдэг зүйлийг өөрийн цахим хуудсаар дамжуулж олон нийтэд хүргэсэн. Тийм зүйл байхгүй. Цагдаагийн байгууллага ялангуяа Эрүүгийн цагдаагийн алба нь хэн нэгэн улстөрч, албан тушаалтны захиалгаар шалгадаг байгууллага биш. Монголын цагдаагийн байгууллага хууль, тогтоомжид заасны дагуу холбогдох гэмт хэргийг мөрдөн шалгадаг.
Тиймээс "Босоо хөх Монгол" төрийн бус байгууллагын тэргүүн Г.Ганхуягийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна. Түүнд Эрүүгийн хуулийн 17.6-р зүйлд заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэдгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэрэв гэм буруутай тогтоогдвол 15-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэсэн заалттай" гэлээ.
Сэтгэгдэл (49)